Монгол хэлийг казах, тува хүүхдүүдэд заах тусгайлсан арга зүй байхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-03 12:30:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Бүх нийтийн боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслээс "Хос хэлний боловсролын бодлогын өнөөгийн нөхцөл байдал" сэдэвт судалгааны нэгдсэн тайланг гаргажээ.

"Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын “Боловсрол дахь ялгаварлалын эсрэг конвенц”, “Үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тунхаглал” зэрэг олон улсын гэрээ, конвенцид үндэстний цөөнх эх хэлээрээ боловсрол эзэмших, суралцах эрх, соёлын ялгаатай байдлыг дэмжих, хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлууд туссан байдаг. Тиймээс ч Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэж зааж, Монгол хэлний болон Боловсролын тухай хуулиудын заалтаар ч баталгаажсан байдаг.

Гэвч бодит байдал дээр үндэстний цөөнхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөөр ирсэнд Боловсрол эвсэл анхаарал хандуулан бодлогын нөлөөллийн суурь нотолгоо болох хэд хэдэн судалгаанууд хийснээ нэгтгэн танилцуулж байна" хэмээн эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг судалгааны тайлангийн өмнөх үгэнд дурджээ.

Судалгааны тайланд дурдагдсан анхаарал татахуйц зарим мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.

1. Нийт хүн амын 75.6% нь казах үндэстэн болох Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 37, төрийн бус өмчийн 6, нийт 43 сургуулийн 2 нь сургалтаа монгол хэлээр (аймгийн төвийн 2-р БДС, Алтай сумын Улаанхад багийн бага сургууль), 6 сургууль сургалтаа монгол, казах зэрэгцсэн бүлэгтэйгээр (Алтай, Алтанцөгц, Булган, Буянт сумын БДС, Цагааннуурын 9 жилийн сургууль, Булган сумын Шүвтэр багийн бага сургууль), 13 сургууль казах хэлээр (бага сургууль), 1 сургууль монгол-турк хэлээр, 1 бага сургууль тува, монгол хэлээр, 22 сургууль казах, монгол хэлээр сургалтаа зохион байгуулж байна.

2. Жилийн сургалтын төлөвлөгөөг салбарын сайд батлах ёстой боловч, Баян-Өлгий аймгийн жилийн төлөвлөгөөг БСУГ-ын дарга баталж байна. Энэ нь «Бага, дунд боловсролын тухай» хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Ерөнхий боловсролын сургуульд мөрдөх сургалтын төлөвлөгөөг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална” гэсэнтэй зөрчилдөж байна.

3. Баян-Өлгий аймгийн сургуулиудад эх хэл, уран зохиолын цаг нэмэгдэхээр хүүхдийн өдрийн, долоо хоногийн ачаалал нэмэгдэнэ. Гэхдээ сүүлийн 30-40 жилийн турш дунд ангид долоо хоногт эх хэл (казах, тува хэл) 2, уран зохиол 2 цагаар ордог байсан. 2019-2020 оны хичээлийн жилээс эхэлж дунд ангийн эх хэлний 1 цагийг «Багш зохицуулах цаг» болгосон. Зарим сургуулийн удирдлагууд үүнийг зөвшөөрөөгүй болохоор, долоо хоногт 2 цаг ордог казах уран зохиолын хичээлийн нэг цаг нь хасагдсан (аймгийн төвийн 3, 4, 5 дугаар сургууль, Баяннуур сумын сургууль гэх мэт). Үүнээс болж багш нарын цаг нь хасагдаж, багшийн үндсэн цагийг давтлага, сонгон суралцах хичээлээр дүүргэж байна. Казах хэл дээр унших уран зохиолын ном, гарын авлага, сургалтын нэмэлт материалууд тун ховор, бараг байхгүй болохоор, сурагчид үндэсний онцлогтой холбоотой бүх мэдээллийг хэл, уран зохиолын хичээлүүдээр дамжин авдаг нөхцөлд цагийн хорогдол чухал асуудал болж байна.

4. Хувийн хэвшлийн сургуулиудад эх хэл, уран зохиолын хичээл 1-2 цаг л орж байна.

5. Нийт сурагчдын 60-65 хувийг казах хүүхдүүд бүрдүүлж байгаа аймгийн төвийн 2 дугаар бүрэн дунд сургууль, хувийн хэвшлийн Эмпати сургуульд хүүхэд эх хэл дээрээ бичиг үсэг танихаар эх хэлний дугуйлан ч явагдахгүй байна.

6. Бага ангийн монгол хэлний цаг их байна. Долоо хоногт 5-7 цаг ордог боловч, арга зүй, хөтөлбөр, сурах бичиг, багшийн ур чадвар зэргээс шалтгаалж, үр дүн багатай, нэр төдий болж байна. Энэ нь тоо биш, чанар чухал болохыг харуулж байна. Судалгаанд хамрагдсан 12 дугаар ангийн сурагчид бүгдээрээ 2 дугаар ангиас эхэлж монгол хэлний хичээл орж байсныг хэлэхийн хамт, 95 хувь нь «Та монгол хэл таны хувьд чухал болохыг хэддүгээр ангиас эхэлж ухаарч, монгол хэлийг зорилготой сурч эхэлсэн бэ?» гэсэн асуултад «8-9 дүгээр ангиас эхэлж ухамсарлаж, монгол хэл сурахад анхаарлаа хандуулж эхэлсэн» гэж хариулсан байна. Мөн «Та монгол хэлний хичээлийг хэддүгээр ангиас эхэлж орвол, чанартай, үр дүнтэй явагдана гэж боддог вэ?» гэсэн асуултад 93 хувь нь «5-6 дугаар ангиас эхэлж орох нь зөв» хэмээн хариулсан байна. Сурагчдын энэхүү хариулт нь анхаарал татаад байна. Гэхдээ судалгаанд оролцсон багш, эцэг эхчүүдийн 97 хувь нь «Монгол хэлний хичээл 2 дугаар ангиас эхэлж орох нь зөв, учир нь хүүхэд нэг үгийг ч гэсэн эртнээс сонсож, цээжлэх болно» гэж хариулсан байна.

7. Монгол хэлний хичээл казах, тува хүүхдүүдэд 2 дугаар ангиас эхлэн орж байна. Нэг ч монгол үг мэддэггүй сурагчдын хувьд гадаад хэл гэсэн үг. Гэхдээ өнөөг хүртэл үндэстний цөөнхийн хүүхдүүдийн бага ангид зориулсан монгол хэлний хөтөлбөр байхгүй байна.

8. Сүүлийн 30 жилд эх хэлний сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж удаагүй байгаа болохоор, эх хэлний хичээлийг заах арга зүй мөн адил шинэчлэгдээгүй байна. Казах хэлний хичээлийн хувьд зөвхөн онол заадаг. Эх дээр ажиллах, эхийн задлал хийх гэх мэт хэл бичгийн хичээлүүдийг заах орчин үеийн аргууд нэвтрээгүй байна. Энэ тал дээр Боловсролын хүрээлэнгийн Үндэстний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектораас жилд нэг удаа зохион байгуулдаг казах, тува хэлний багш нарт зориулсан сургалтаас өөр ямар ч сургалт, семинар, зөвлөгөө байхгүй байна.

9. Хоёрдугаар дугаар ангиас эхлэн орж буй монгол хэлийг казах, тува хүүхдүүдэд заах тусгайлсан арга зүй байхгүй.

10. Судалгаанд оролцогчид «Эх хэлний мэдлэг, чадвар ахих тусам монгол хэлний чадвар ахидаг» гэж үзсэн байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд эх хэлний сургалтын чанар, багш сурагчдын эх хэлний сургалтад хандах хандлага суларч байна.

11. Хүүхэд хамгийн эхэнд эзэмшдэг эх хэлний унших, бичих, ярих, сонсох чадвар тааруу, дээр нь хөтөлбөргүй, сурах бичиггүй, тусгай арга зүйгүй, багшийн мэдлэг, чадвар дутмаг болохоор монгол хэлний сургалтын чанар муу байна.

12. Бага ангийн багш нарын эх хэлний мэдлэг, чадварын түвшин өөрөө сурагч байхдаа эзэмшсэн 8-9 дүгээр ангийн казах, тува хэлний түвшингээрээ байна. Багш бэлтгэх сургуульд казах, тува хэлний хичээл ороогүй. Хэрэв багш өөрөө ерөнхий боловсролыг монгол сургуульд эзэмшсэн бол, огт казах, тува хэл заалгаж байгаагүй гэсэн үг. Казах, тува хэлний шинжлэх ухааны ямар ч мэдлэггүй байсан ч одоо сурагчдад казах, тува хэл зааж байна.

13. Сурах бичгийн хангамж, хүртээмж маш муу. Ялангуяа ахлах ангийн хувьд 30-35 хувийн хүрэлцээтэй байна. Удахгүй их, дээд сургуульд элсэхээр бэлтгэж буй сурагчдын хувьд энэ маш том бэрхшээл болж байна.

14. Бага ангийн Казах хэлний сурах бичиг (1-5 дугаар анги) 2019 онд шинээр хэвлэгдсэн. Бага ангийн Тува хэлний сурах бичиг (1-5 дугаар анги) НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр 2013 оноос эхэлж, багш, сурагчийн номтойгоо хэвлэгдсэн гарын авлага байна. 1 дүгээр ангийн 4 сурах бичиг тува хэлэнд, 1-5 дугаар ангийн 29 сурах бичиг казах хэлэнд орчуулагдсан байна. Сурах бичгийн орчуулгын чанар тусдаа яригдах сэдэв болоод байна.

15. Хөгжим, дүрслэх урлаг, түүх зэрэг үндэсний онцлогийг харуулдаг хичээлүүдэд нэмэлт сурах бичиг хэрэгтэй байна. Тухайлбал, казах, тува аялгуу, дууны түүх, онцлог зэргийг харуулсан нэмэлт сурах бичиг байхгүй, монгол сурах бичгийн орчуулга байна. Дунд ангийн Казах хэлний сурах бичиг нь 2018 оноос өмнө хэвлэгдсэн болохоор шинэ сургалтын хөтөлбөртэй нийцэхгүй. Түүнчлэн, казах хэл болон уран зохиол хичээлүүдийн сурах бичиг дундаа ганц ном (170 хуудас) байдаг учир сэдэв бүр нь 2-3 даалгавар байдаг, маш цөөн тооны, хязгаарлагдмал агуулгатай байна.

Холбоотой мэдээ