Б.Сарантуяа: Уран зураг гэдэг бол бүх утгаараа "амьтай" зүйл шүү дээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-28 19:59:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хосгүй үнэт, дахин давтагдашгүй, сор болсон уран зургийн сан хөмрөг бүхий Монголын уран зургийн галерейд 2008, 2009 онд 900 гаруй бүтээл галд өртсөн гашуун үйл явдал болсон билээ. Тэгвэл Монголын дүрслэх урлагийн салбарын сэргээн засварлалтад бодитой дэвшил авчрах нэгэн таатай мэдээг сонсуут Монголын уран зургийн галерейг зорьж очсон юм. Тус байгууллагын захирал Б.Сарантуяатай өрнүүлсэн бидний яриа  "Намрын үдшийн галерей", "Хөгжимтэй зураг", "Уран зураг үрчлүүлэх" зэрэг 2019 оноос хэрэгжүүлж буй олон сонирхолтой хөтөлбөрөөр нь үргэлжиллээ. 

 


“МОНГОЛД УРАН ЗУРАГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ЛАБОРАТОРИ БИЙ БОЛНО”




-Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт 2008, 2009 онд гал гарч Монгол дүрслэх урлагийн түүхэн дэх олон сор бүтээл гэмтсэн харамсалтай явдал болсон. Тэдгээр бүтээлийг сэргээн засварлах чиглэлд тус галерей ямар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?


- Манай галерейн сан хөмрөгт 2009 онд цахилгааны гэмтлээс болж гал гарсны улмаас 900 гаруй бүтээл галд гэмтсэн. Тэдгээрийг сэргээн засварлах талаар тодорхой ажил хийгдэж байсан ч сүүлийн үед удааширч зогсонги байдалд хүрсэн. Тиймээс 2019 онд “Мөнхийн бүтээл мөхлийн ирмэгт” нэртэй хаалттай тусгай үзэсгэлэн зохион байгуулж шийдвэр гаргах түвшний хүмүүст үзүүлсэн юм. Галд гэмтсэн гайхалтай сор бүтээлүүдийг үзэгчдэд үзүүлэхэд сэтгэлзүйн хувьд арай тохирохгүй юм байна гэж үзсэн л дээ. Бид өөрсдөө дэглэсэн тэр жижигхэн үзэсгэлэн рүү ороход л хоолой зангирч, харамсах сэтгэл төрч байсан. Монгол хүний сэтгэл зүй тэр бүхнийг хараад маш хүндээр хүлээж авах нь мэдээж. Бид гурван удаагийн хаалттай үзэсгэлэн зохион байгуулж, төрийн өндөрлөгүүд энэ асуудлыг шийдэж өгөх болов уу гэдэг үүднээс асуудалд хандсан юм. 



-Саяхан Германы төслийн санхүүжилтээр уран зураг сэргээн засварлах лабораторитой болох сураг дууллаа. Энэ тухайд?


-Цагаан сарын өмнөхөн энэ баярт мэдээг дуулсан. ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөр гэж байдаг. 2021 онд Гёте институтээр дамжуулан Германы сэргээн засварлагч бусад байгууллагатай холбогдож, олон удаагийн цахим уулзалт зохион байгуулж, Германы төслийн шаардлагад нийцэх загварынх нь дагуу төслөө бичиж явуулсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд голлон идэвхтэй оролцсон манай галерейн зөвлөх куратор, ХБНГУ-д уран бүтээлээ туурвиж байгаа Э.Отгонбаярт онцлон талархал илэрхийлмээр байна. Үүний үр дүнд гуравдугаар сарын 1-нээс Германаас манай төслийг дэмжсэн тухай баярт мэдээ ирсэн.


-Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтад нэгэн шинэ хуудсыг нээж буй тус лабораторийг байгуулахад Монголын талаас юу юуг нь хариуцан ажиллаж байна вэ?


-Салбарын яамнаас бичиг баримт бүрдүүлэх, баталгаа гаргах, лабораторийн байрны асуудлыг шийдэх, маркетинг удирдлагаар хангах зэрэг дэмжлэг үзүүүлсээр байна. Уг төсөлд Монголын талаас 18 мянган еврог нь хариуцахаар болсон. Тиймээс Монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд төсөл бичиж явуулсан юм. Хоёр аж ахуйн нэгж биднийг дэмжихээ илэрхийлснээс Монголын Урлагийн зөвлөлөөр дамжуулан “Эм Си Эс” группийг бид сонгосон. Уран зураг сэргээн засварлах лаборатори нь нарийн, стандарт орчинтой байх шаардлагатай. Товчхондоо, тэр орчны тохижилтыг бүрдүүлэх санхүүжилтийг “Эм Си Эс” групп дэмжин хариуцахаар болсон гэсэн үг. Энэ бол соёлын өвийг хамгаалахад олон нийтийн оролцоог хангасан том дэмжлэг болсон юм. Цагаан сарын өмнөхөн Германы ЭСЯ-наас танай төсөл олон орноос дэмжигдлээ гэсэн мэдээ сонсох маш таатай байсан шүү.



-2008, 2009 онд 900 гаруй бүтээл галд өртөж, гэмтсэн гэлээ. Тэдний дунд Монголын хосгүй үнэт өвөөр бүртгэгдсэн бүтээлүүд өртсөн үү?


-Азаар Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт өв галд өртөөгүй үлдсэн. Тухайн үед нэг том үзэсгэлэн бууж бүтээлүүдийг сан хөмрөгийн үүдэн хэсэгт байршуулсан байсан юм билээ. Гэтэл цахилгааны гэмтлээс үүдэлтэй гал үүдэн хэсгээс эхэлсэн байдаг. Тиймээс Монголын дүрслэх урлагийн олон сайхан бүтээл өртсөн. 


-Лаборатори ямар ямар үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах вэ?


-Лаборатори одоо Герман улсад ашиглаж байгаатай ижил, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, олон улсын стандартад нийцсэн байх юм. Галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлахын зэрэгцээ олон арван жил огт цэвэрлэгээ, сэргээн засвар хийгээгүй бусад урлагийн бүтээлийг авран хамгаалах, насжилтыг уртасгахад ашиглана. Дараа нь Монгол Улсын хэмжээнд уран зураг сонирхдог, цуглуулагч нар өөрсдийн хадгалж буй эртний үнэ цэнтэй зургаа өгч мэргэжлийн түвшинд сэргээн засварлуулах боломж бүрдэнэ. Энэ агуулгаараа уг лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах юм. 


-Лабораторийг яг хэзээнээс ажиллуулж эхлэх вэ. Боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ?


-Төслийн ажил албан ёсоор гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Эхний ээлжинд лабораторийн тоног төхөөрөмж орж ирнэ. Энэ сардаа багтаан “Эм Си Эс” групп лабораторийн орчны санхүүжилтийг шийдэж, ажлыг гүйцэтгэнэ. Боловсон хүчний хувьд эхний ээлжинд герман мэргэжилтнүүд  ирж манай сэргээн засварлагч нарыг 3 шатлалт сургалтаар мэргэшүүлэх юм. Цаашид өөрсдөө боловсон хүчнээ бэлтгэдэг болох юм. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх анхны сэргээн засварлах лаборатори юм. 


-Лабораторитой зэрэгцээд уран зургийн шинжээч нарын асуудал мөн хөндөгдөх нь лавтай. Ер нь манай улсын хувьд уран зургийн эксперт, мэргэжилтнүүдийг хэр бэлтгэсэн байдаг вэ?


-Ховор. Яг уран зургийн экспертүүд бол албан ёсоор бэлтгэгдэж байгаагүй. Тиймээс энэ талын мэргэжилтнийг бэлтгэх шаардлагатай. 


-Хосгүй үнэт бүтээлийг ямар шалгуураар оруулан тооцдогийг уншигчид сонирхож байж мэдэх юм?


-Хосгүй үнэт гэдэг нь дахин давтагдашгүй ур хийцтэй дурсгалыг тодорхойлон Засгийн газрын тогтоолоор батлуулж буй өндөр зэрэглэлийн бүтээлийг хэлж байгаа юм. Хэрэв хосгүй үнэт бүтээлийг зөөж, тээвэрлэх тохиолдолд Ерөнхийлөгчийн түвшинд яригдаж, төрийн тусгай хамгаалалтынхан хяналтад орж зөөж тээвэрлэдэг. 


-Хосгүй үнэт бүтээлүүдэд өмнө нь ямар нэгэн сэргээн засварлалт хийж байв уу?


-Хосгүй үнэт бүтээлүүдийн жаазнууд нь дээр үеийнхээрээ, хатсан, муудсан, зүмбэр нь ховхорсон, жаазнаасаа холхисон байсан. Бид ямар ч байсан жаазнуудыг нь дээд зэрэглэлийн цэвэр модон итали жаазаар сольж зүрхэлсэн юм. Ийнхүү сүүлийн үеийн, амьсгалдаг модон жаазнууд авчраад хосгүй үнэт таван бүтээлээ жаазалсан. Зурагнууд нь тодроод ирж байгаа юм. Эсэргүүцээд байсан хүмүүс одоо маш гоё болсон байна гэж хэлж байна. Тэдгээр жаазнууд одоо Италид хэрэглэгдэж байгаа бөгөөд нэлээн олон жил солигдохгүй гэдгийг би баттай хэлж чадна. Мөн хосгүй үнэт бүтээлийн танхимыг тохижуулсан. Өмнө нь аль нь хосгүй үнэтэй зураг гэдэг нь ялгардаггүй байсан. Одоо бол хэн ч ороод ирсэн энэ Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэтэй бүтээлийн танхим юм байна гээд шууд л танихаар болсон. Сор болсон бүтээлүүдээ үнэ цэнийг нь харагдахуйц болгож чадсандаа баяртай байдаг.


“ЗУРАГ ҮРЧИЛНЭ ГЭДЭГ НЬ ГЭРТЭЭ АВААЧААД ТАВИХ БИШ”



-Уран зургийн галерей зураг “Үрчлүүлэх” үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Зарим хүнд энэ нь хачирхалтай сонсогдох байх. Гэхдээ Монголынхоо хосгүй үнэт өвийн хадгалалт хамгаалалтад хувь хүн ч гар бие оролцох бахархалт сайхан ажлыг та бүхэн нэвтрүүлсэн байна...?


-Хорвоод хүн болж ирээд, тэр дундаа монгол хүн болж төрсний хувьд та сэтгүүл зүйн хэдэн өгүүлэл бичээд л амьдралаа дуусгах уу гэдэг бол бодох л асуудал. Бид залуу байхдаа "эх орон, ард түмнийхээ төлөө" гэж ярьдаг ахмадуудаа том юм ярилаа гэх зэргээр үл тоох байдалтай байсан. Гэтэл нас явах тусам хүнд нэг ч гэсэн хэрэгтэй юм яаж үлдээх вэ гэж бодож эхэлдэг юм байна. Тэгэхээр, хэрэв чамд боломж байвал нэг ч гэсэн уран зургийг ивээн тэтгээд, сэргээн засварлуулаад, олон хүний нүдийг нээх боломжийг зураг “Үрчлэх” хөтөлбөр маань олгоно.

Гадаадын хөгжингүй орнуудад зураг үрчлүүлэх хөтөлбөр байдаг л зүйл. Монголд яагаад энэ зүйл байж болохгүй юм бэ гэдэг үүднээс 2019 оноос зураг үрчлүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн. Анхандаа хүмүүс “амьгүй биетийг үрчилнэ гэж юу гэсэн үг вэ, хүүхдийг л үрчилдэг биз дээ” гэх зэргээр шүүмжилж байсан. Гэтэл уран зураг гэдэг чинь бүх утгаараа амьтай зүйл шүү дээ.

Яагаад гэвэл, уран зургийг бүтээхийн тулд тухайн уран бүтээлч уйлж байсан бол нулимстайгаа, аз жаргалтай байсан бол тэр бүхэн нь энергийн түвшинд мэдрэгдэж, тэр сэтгэл хөдлөл нь үлддэг нь эх зургийн гайхамшиг. Жихүүдэс хүргэм уран зураг ч байдаг шүү дээ. Тухайн бүтээл бүтээгдэж байх үеийн тэр бүх дурсамжаа шингээж үлддэг гэж ярьдаг. 



-Тиймээс л алдартай бүтээлийн эх зурагт хүн төрөлхтөн соронзон адил татагддагийн шалтгаан энэ байх л даа ?


-Тийм. “Мона Лиза”-г үзэх гэж уран зураг сонирхогчид Лууварын музейг зорьж байна шүү дээ. Тэнд үргэлж л олон хүнтэй байдаг. Учир нь эх зураг гэдэг хүний хараагаар дамжуулан энергийн түвшинд маш хүчтэй нөлөөлж чаддаг. Тиймээс л үүнийг амьтай гэж байгаа юм. Тиймээс л уран зураг үрчлэх гэдэг нэрийг сонгосон юм.


-Одоогоор хэчнээн уран зургийг үрчлүүлээд байна вэ. Хамгийн анхны үрчлэгчийн тухай сонирхуулж болох уу?


-Бид олон эвент зохион байгуулж, түүгээрээ хүмүүст зүрх сэтгэлээр нь ойлгуулахыг хичээж байна. Хамгийн анх Монгол банк, Монголын банкируудын холбоо ардын зураач, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваа гуайн бүтээл болох “Алтайн уулс” хэмээх алдарт бүтээлийг үрчилсэн. Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн дэмжлэг их байсныг онцлох нь зүйтэй. Ингэснээр, 12 жилийн турш үзэгчийн танхимд гаргаагүй байсан галд өртсөн энэхүү гайхалтай бүтээлийг сэргээн засварлаж, дахин олны хүртээл болох боломж бүрдсэн.


Үүний дараа манай гэр бүлийнхэн ажлыг маань дэмжиж “Цэцэгтэй эмэгтэй” гэдэг бүтээлийг үрчилсэн. Учир нь энэ зураг нь манай хадам ээжийн төрсөн эгч, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн анхны эмэгтэй зураач Шижээхүү гэж хүний хөрөг юм. Тэр зураач эмэгтэйн хөргийг Н.Цүлтэм гуай буулгасан бөгөөд галд өртөж, гэмтсэн байсан. Нэгэнт манай нөхрийн нагац эгч учраас үрчилж авъя гэдэг шийдвэрийг гэр бүлийн зарим гишүүн гаргаж, миний ажлыг дэмжсэн нь талархууштай.  Нөгөөтээгүүр, үзэгчийн танхимд анхны эмэгтэй зураач ийм хүн байсан гээд таниулах ач холбогдолтой.



Одоогоор гурван зургийг үрчлүүлж, сэргээн засварласан. Хамгийн сүүлд, “Эмнэг сургагч” гэдэг бүтээлийг “Улаанбаатар төмөр зам” ХНХ-ийн хамт олон үрчилсэн. Энэ бүтээл биднийг нэгдүгээр ангид байхад цагаан толгойн номон дээр байдаг байсан шүү дээ. Тэр зургийг хүн бүр хайрладаг. Гэтэл 2009 оны галын осолд өртөөд гэмтсэн байсан. Улаанбаатар төмөр замын бэлгэдэл нь хоёр загал морины хүчийг харуулсан байдаг. Тиймээс “Эмнэг сургагч” бүтээлийг үрчилж, сэргээн засварлах ажилд тусалсан. Ингээд энэ бүтээлийг 2020 оны 12 дугаар сард үзэгчдийн хүртээл болгосон юм.


-Нэг зургийг сэргээн засварлахад хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?


-Тухайн зургийн гэмтлээс хамаараад үнийн дүн өөр өөр байдаг. Сэргээн засварлах явц маш нарийн ажиллагаатай тул урт хугацаа шаардагддаг. Түүнээс гадна сэргээн засварлах мэргэжлийн хүн маш цөөн байна. 


-Уран зураг үрчилсэн хүнд галерейн зүгээс ямар ямар "эрх эдлүүлэх" вэ. Энэ талаар уншигчдад тайлбарлаж өгөх хэрэгтэй болов уу?


-Уран зураг үрчилнэ гээд гэртээ аваачаад тавьдаг гэж ойлгож болохгүй. Энэ бол төр, ард түмний өмч. Монголын уран зургийн галерей эзэмшигч нь хэвээр, сан хөмрөгтөө байж л байна. Хамгийн чухал нь уран зургийг сэргээн засварласнаар бүтээл үзэгчдийн хүртээл болно. Тухайн бүтээлийн хажууд пайз тавьж тухайн хувь хүн, байгууллагын ачаар дахин амилсан гэдгийг нь мөнхжүүлнэ. Нөгөөтээгүүр, уг бүтээлийг сэргээн засварлуулахад хөрөнгөө зарцуулсан тул мерчиндайзингийн хязгаартай эрх эдэлнэ.



-Мэдээж соёлын өвийг дураараа авч явах эрх зүйн боломж байхгүй байх. Манай улс Соёлын өвийг хамгаалах тухай хуультай шүү дээ...


-Эхэндээ зураач нар ч ойлгохгүй, намайг хамаг зургийг үрчлүүлж, ийш, тийш нь аваачих нь гэж бодсон байх. Соёлын өвийг хамгаалах тухай хууль, музейн тухай хууль, бусад холбогдох дүрэм журам, стандартын дагуу манай байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг.  

Манай галерей таван сан хөмрөгтэй бөгөөд хууль журмын дагуу сан хөмрөгт нэвтрэх, сан хөмрөгөөс бүтээл гаргах, үзэсгэлэнд оролцуулах гэдэг энгийн бодож байгаа шиг зүйл биш. Гэрээ онгойлгож байгаа юм шиг орох эрх байхгүй. Заавал бүртгэл мэдээллийн санч, хариуцсан сан хөмрөгч, менежер нэгэн зэрэг хаалгыг нь онгойлгож орж, гардаг. Түүнчлэн өндөр түвшний дохиололын систем, камержуулалт, 24 цагийн харуул хамгаалалт гээд найдвартай хамгаалалтад байдаг гэж ойлгож болно. 


-Манай улс ер нь энэ мэт соёлын өвөө хамгаалах асуудалд хэр ахиц гаргаж байна вэ?


-Нэг үеэ бодоход, Монгол Улс музей болон галерейн үзмэрийн бүртгэл сайжирсан гэж боддог. Соёлын өвийг хамгаалахад нэгэн том ажил бол бүртгэл байдаг. Соёлын өвийн үндэсний төвд нэгдсэн нарийн бүртгэл байдаг. Үүнийг би соёлын салбарт хийсэн маш том дэвшил, Монгол Улс соёлын өвөө бүрэн хамгаалж, бүртгэлжүүлж, ой санамждаа бүрэн авсан гэж боддог. 


-Ний нуугүй ярихад уран зургийн галерейн үе үеийн захирлуудын нэр холбогдсон, хуулбар хийлгэсэн, жинхэнэ эх нь биш гэх зэрэг яриа мэр сэр гардаг. Энэ яриа үнэнд нийцэх үү?


-Яг одоо бол тийм зүйл байхгүй. Бүтээлийн холст хэрэглэсэн будаг, хадааснаас нь авахуулаад тухайн бүтээл хэзээнийх вэ гэдэг нь мэдэгдэнэ. “Алтайн уулс” бүтээлээр жишээ авахад, дээр үеийн шуудайг дундуур нь оюутнуудаар татуулж оёулаад, грунт дэвссэн гэдэг түүх нь байна шүү дээ. Тэгээд хэдэн оны үеийн холст байна вэ, хэдий үеийнх вэ гэдэг бүх бүртгэл байдаг. Хадгалж хамгаалах асуудалд ч дэвшил гарч байна. 


-Уран зургийн галерейн сан хөмрөгт байгаа бүтээлийг хадгалж байгаа орчин дэлхийн жишигт хүрч чадаж байна уу?


-Ёстой л дөнгөж дөхүүлж байгаа. Яг үнэндээ, энэ тал дээр ярих зүйл маш их. 2019 онд Яам, Соёл урлагийн газрын дэмжлэгээр зураасан зургийн сан хөмрөгийг стандартын тавиур, шүүгээтэй болсон. Мөнгө олддог бол бүх сан хөмрөгөө стандартын түвшинд хүргэх юмсан гэж боддог. 


-Музейн салбарынхан анх удаа тусгай хуультай болсон шүү дээ. Тэр хуулиараа олсон орлогоо өөртөө зарцуулах эрхтэй болсон байх, тийм үү?


-2018 оноос Соёл урлагийн байгууллагуудын олсон орлогын тодорхой хувийг өөртөө зарцуулдаг болсон.  Түүний хүчинд манай галерей өнөөдөр жаахан өнгөтэй, өөдтэй болоод байгаа. Намайг ажил авснаас хойш манай орлого ч 20 дахин нэмэгдсэн. Өмнө нь яагаад ч юм, жил бүр 15 сая төгрөгийн орлого олдог байсан юм билээ. Гэтэл энэ айл 2019 оны эхний хагас жилд 42 сая төгрөг олсон бол дараагийн жилд нь 74 сая төгрөгийн орлого олсон байх жишээтэй. Тэр нь тодорхой хэмжээнд менежмент өөрчлөгдөн шинэ контент, хөтөлбөр нэвтрүүлсэний үр дүн байх. 


-Тухайлбал ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?


-Тухайлбал, “Намрын үдшийн галерей” гэдэг хөтөлбөр байдаг юм. Энэ хөтөлбөр гурван өдөр үргэлжлэх бөгөөд өглөөний 09.00 цагаас шөнийн 24.00 цаг хүртэл үргэлжилдэг. Ингэхдээ олон нэр төрлийн хөтөлбөр зохион байгуулдаг. Нэгэн жишээ татвал үдээс өмнө хүүхдэд зориулсан жүжиг, кино үзүүлэх, хүүхдийн зургийн уралдаан болно. Үдээс хойш гэр бүлд чиглэсэн аав ээж, хүүхдийн хамтын бүтээл туурвих хөтөлбөр бий. Орой нь залууст чиглэсэн энтертайнмент хөтөлбөр зохион байгуулж, тухайн үед эрэлттэй байгаа олны танил дуучдыг урих зэрэг ажил өрнөдөг. Энэ хөтөлбөрийг гурван жил дараалан зохион байгуулсан. Одоо хүмүүс дараагийн хөтөлбөрийг нь хүлээдэг болсон. Дүрслэх урлагийн олон төрлийн үйлчилгээг эдгээр гурван хоногт авах боломжтой. Намрын үдшийн галерей маань гурван мянган хүн цуглуулж чаддаг. Үзэгчид хаврын, зуны үдшийн галерей зохион байгуулах санал ч гаргаж байна. Хоол ундаа бэлдэж ирээд өдөржингөө аль болох бүх хөтөлбөрт оролцохыг хичээдэг гэр бүл ч бий болсон. Манай галерей ийм төрлийн ажил зохион байгуулахад зай талбайн хувьд харьцангуй боломжтой.

 

“ГАЛЕРЕЙГААС ХҮН АЗ ЖАРГАЛТАЙ БОЛООД ГАРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ”



-Танай байгууллага "Арт тераппи" буюу уран зургаар дамжуулж хүний сэтгэл засах үйлчилгээ үзүүлж эхэлсэн гэж дуулсан юм байна?


-Бид хөтөлбөрөө байнгын шинэчилж орчин үетэйгээ нийцүүлж, тохирох чиглэл рүү явах хэрэгтэй. Хүүхдийн ганц хоёр дугуйлан л хичээллэдэг байсан бол одоо урлагийн боловсролын хөтөлбөр боломжийн хэмжээнд хөгжсөн. Бид арт тераппи сэтгэл заслын төрлүүдээр “VIP” болон “Express” хөтөлбөр бий болгосон. Хүмүүс ч үүнд сайшаалтай хандаж байгаа.


-Энэ хөтөлбөрийнхөө тухай дэлгэрэнгүй тайлбарлана уу?


-Бид ажилчдынхаа нөөц боломжид тулгуурлан эдгээр хөтөлбөрийг явуулдаг. VIP хөтөлбөр нь амьд хөгжимтэй. Хамт олноороо хамрагдвал уур амьсгал маш сайхан болдог. Хүн өөрийгөө хэн бэ, үнэ цэнтэй зүйл чинь юу вэ гэдгээ мартчихсан байдаг. Мартагдсан үнэ цэнийг чинь дотроос чинь сэргээн яриулдаг, сэтгэл заслын маш том үйлчилгээ юм.

Байгууллагууд хамт олноо нэг оруулбал зүгээр санагддаг. VIP хөтөлбөр нь саксфон бүхий амьд хөгжим, улаан дарстай, кофе, цай, хөнгөн зууштай байдаг. Та бүхнийг суухад хэрэгцээтэй бүхнийг нь урьдчилж бэлдсэн бөгөөд зургуудаас аль нэгийг нь сонгуулах сэтгэлзүйн тест авна. Ингээд өөрийн тань хамгийн татагдаж байгаа уран зургийг сонгож, та дуурайж зурах болно. Ингэхдээ таны хажууд сургагч багш ажиллаж, хар зургаа ингэж гаргана, өнгөө тэгж тавина, ийм өнгө хэрэгтэй байна гэх зэргээр танд заана. Хүн зураг зураад суухаараа юу ч бодохгүй нэг мэдэхэд л 3-4 цаг өнгөрчихсөн байдаг. Ингэснээр, өвчин, ар гэрийн асуудал, ажлын стрессээ мартах зэргээр хүний тархи амарна. Мөн та мэргэжлийн холст дээр зурсан өөрийн гэсэн бүтээлтэй болно. Хүмүүс ихэвчлэн жаазлаад гэртээ, ажлын байрандаа тавих дуртай байдаг. 


-Миний хувьд бараг зургийн харандаа ч барьж үзээгүй хүн, очвол зурж чадах болов уу?


-Хүн байгалиас хуваагддаг эд эс юм чинь өөрөөсөө бүтээл гаргах нь хамгийн дээд мэдрэмж байдаг. Бүтээлээ гаргаад үр хүүхэддээ зориулж бэлэглэж болно. Тэр нь сайхан, муухай байх албагүй. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүс маш гайхалтай зурдаг. Нэг ч харандаа барьж үзээгүй хүн “би өөртөө итгэхгүй байна, ямар сайхан зурчихваа” гээд босоод ирдэг. Улаан дарс уугаад жаргаад сууж байхад чинь хажууд нь саксфон хөгжим тоглож, акапелла дуулна. Орчин нь нөлөөлдөг байж болох юм, хүмүүс маш гайхалтай зурсан байдаг шүү. Бид төгсгөлд нь хамгийн шилдэг зургийг шалгаруулж нэрийн шагналаа гардуулдаг.

Тэр хооронд уран зурагнуудын дэргэд таныг суулгаад хөгжим сонсгоно. Жишээлбэл, “Эх” гэдэг бүтээл дээр очоод, ээжийн тухай дуу сонсоно. Энэ үед ихэвчлэн хүмүүсийн ээж гэх эрхэм нандин тэр хүнийг зүрх сэтгэлдээ мэдрэх мэдрэмжийн туйл байдаг даа. 



-Арт тераппи үйлчилгээнд хамрагдсан хүмүүсийн сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөөд гардаг вэ?


-Манай арт тераппи буюу хандлагаар анагаахуй үйлчилгээнд орсон хүмүүс сэтгэгдэл маш өндөр, ямар гоё болчихвоо гээд, бие биенээ тэвэрдэг. Хүний сэтгэл, хайр, дотоод мэдрэмж нь уяраад гараад ирж байгаа юм. Тэгэхээр хүний сэтгэлийг маш жижигхэн зүйлээр хөндөж болдгийг харуулж байна. Галерейд хүн уурлах гэж орж ирдэггүй, тайвширч, аз жаргалтай болохыг л хүснэ. Би галерейдаа тийм л орчинг үүсгэж, орж ирсэн хүн маш аз жаргалтай болоод гардаг болгохыг их хичээдэг дээ. Жишээлбэл, манай галерейд орж ирэхэд сонсогдож байсан хөгжим танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?.


-Галерей руу орж ирэхэд явж байсан хөгжим үнэндээ надад тайвшралыг мэдрүүлсэн л дээ...


-Миний хувьд, төрд 20-30 жил ажиллахдаа ажлаас өөр зүйл боддоггүй байсан юм байна. Хүн өөрөөрөө бахархах хамгийн оргил үе нь хэзээ байсан юм бэ, хамгийн аз жаргалтай мөч нь хаана байсан бэ гэдгээ өөрөөсөө асуудаггүй. Би уран зураг үзээд, хөгжим сонсож байхдаа өөрөөсөө яг ийм асуултыг асуусан. Ээж болж хоёр хүүгээ төрүүлэх мөч л аз жаргалын оргил нь байсан юм байна гэдгээ өөрөөсөө хайгаад олж авч байгаа юм. Чиний дотор байгаа үнэ цэнтэй, мартагдсан дурсамжийг арт тераппи үйлчилгээ сэргээж өгч байгаа юм. Ийм сайхан өнгө, будгийн энергин дундаас гарсан хүн хорвоо дэлхий ямар гоё өнгөтэй вэ гэдгийг мэдрээсэй гэж хүсдэг. Хүний сэтгэл гэдэг маш хүчтэй зэвсэг шүү дээ.



-Цар тахлаас хойш нийгмийн сэтгэлзүйд ийм төрлийн эмчилгээний эрэлт, хэрэгцээ маш их болох байх гэж бодож байна?


-Би академик боловсрол гэж юу вэ, хүний зүрх сэтгэлийн боловсрол гэж юу вэ гэж боддог. Хүн бүр бага насандаа гэр орон, нийгмээс сэтгэлзүйн хувьд ямар нэгэн дарамт авсан байдаг. Чамайг ийм, тийм гэж шоолж, чи яг тийм гэдэгтээ итгэчихдэг. Намайг жаахан байхад хүүхдүүд сайрга гэж шоолдог байсан. Би одоог хүртэл хөлөө ил гаргахаас ичдэг байлаа. Гэтэл хүмүүс чиний хамгийн гоё зүйл чинь хөл чинь шүү дээ гэж хэлдэг.

Тэгэхээр хүн бүрийн дотор жижиг, том, янз бүрийн юм үлдчихсэн байдаг. Би мэргэжлийн сэтгэлзүйч биш ч, хүн бүрийн дотор маш хөөрхөн хүүхэд байдаг гэж боддог юм. Тэр хүүхэд ямар нэгэн дарамт ирэхэд, нуруугаа харуулаад суучихдаг. Хэзээ ч, хэн ч инээлгээд нааш нь харуулж чадахгүй. Тэгвэл яаж түүнийг нь эргүүлж харуулах вэ гэвэл хараагаар нь, сонсголоор нь мэдрүүлэхээр зүрхэнд ойртдог. Маш гоё өнгөтэй уран зураг хараад, хөгжим сонсохын цагт тэр бяцхан хүүхэд чинь “юу болов” гээд эргэж хараад эзэнтэйгээ нэгдэх цагт хүн уйлдаг болов уу. Гэхдээ энэ миний төсөөлөл болохоос ямар нэгэн шинжлэх ухааны зүйл биш шүү.


-Мэдээж хүүхэд бүр багадаа авсан сэтгэлзүйн дарамтаасаа болж насан туршдаа түүндээ сэтгэлээр унадаг байх?


-Тийм. Би энэ жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө алслагдсан дүүргийн 40 хүүхдийг сонгон авч ажиллах гэж байгаа. Дүүрэг, хорооны нийгмийн ажилтантай хамтарч тэдгээр хүүхдийг сонгоно. 400 хүүхэд гэж тарамдуулаад хэрэггүй байх. Ядаж 40 хүүхдийн амьдралыг багаас нь засчихвал өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, амьдралд нь гэрэл гарах болов уу гэж бодсон юм. Хүн төрөлхтөн анх бий болохдоо л хадан дээр зурж эхэлсэн. Тиймээс хүний тархи хүүхэд наснаас дүрслэлээр задардаг шүү дээ. Хүүхдийн дүрслэх урлагийн мэдрэмж тэс ондоо. Урлагаар дамжуулж сэтгэл зүрхний боловсрол олгох гэж байдаг шүү дээ. 


-Алдарт зураач Пабло Пикассо нэгэнтээ “Би хэзээ ч хүүхэд шиг зурж чадахгүй” гэж хэлсэн байдаг шүү дээ. Хүүхдийн уран зургаар илэрхийлэх мэдрэмж гайхалтай байдагтай холбоотой болов уу?


-Тийм. ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт байдаг дүрслэх урлагийн хичээл, эсхүл нийгмийн ажилтнуудын түвшинд тодорхой цаг гаргаж хүүхдүүдийг галерейд авчрах хэрэгтэй. Хүүхдүүд манай галерейд байхдаа газраар хэвтэнэ, өнхөрнө. Тийм болохоор бид үзэгчдээ улавчтай оруулдаг. Хүүхэд хамгийн сэтгэл ханамжтай байх үедээ биеэ тааваараа байлгах дуртай байдаг шүү дээ. Мөн оюутнууд семинар, практикийн ажлаа чөлөөтэй хийх боломжтой. 


“ГАЛЕРЕЙН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ АСААГААГҮЙ 20 ЖИЛ БОЛСОН БАЙСАН”



-Бид соёл, урлагийн салбараа орхигдуулж олон жил явснаа саяхнаас ухаарав бололтой. Төр засгаас ч энэ салбарыг анхаарч хэд хэдэн хууль баталлаа шүү дээ. Танай галерейн хувьд, төр засгийн дэмжлэг бий юу?


-Одоогийн Ерөнхийлөгч 2019 оны намар Ерөнхий сайд байхдаа Соёл урлагийн салбартай танилцах үеэрээ манай галерейд зочилсон юм. Бид тухайн үед ерөнхий нөхцөл байдлаа танилцуулж, Ерөнхий сайдаас таван зүйл хүссэн.  Нэгдүгээрт, галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засахад санхүүгийн эх үүсвэрийг шийдэж өгөх. Хоёрдугаарт, манай галерейн статусыг “үндэсний” гэж тодотгох. Учир нь манай галерей олон улсын түвшинд “National” гэх тодотголтой ч Монголын уран зургийн галерей гэж монгол хэлээр тэмдэглэдэг. Гэтэл сүүлийн үед Монголын гэсэн нэр бүхий галерейнууд “National” гэх статусаар олон улсад гарч яриа, хэлэлцээ хийх болоод байна. Тиймээс бид “үндэсний” гэдэг тодотголоо авах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн.


Гуравдугаарт, манай галерей 1991 онд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс тусдаа айл болж салсан. Тухайн үед манайд ирээгүй мөртлөө Занабазарын музейгээс Их тэнгэрийн ам руу хэдэн зураг очсон байдаг юм. Тэр бүтээлүүд Их тэнгэрийн аманд хэдхэн хүний нүдэнд харагдаад, үзэх ёстой ард түмэнд хүртээлгүй 30 гаруй жил байсан. Мэдээж стандарт бус орчинд шүү дээ. Тиймээс алтан үеийнхний сор болсон 17 бүтээлийг нь галерейдаа авах хүсэлтээ тавьсан.


Хамгийн сүүлд нь, галерейн өөрийн гэсэн байртай болох, хүн хүч, орон тоо, боловсон хүчний асуудлыг хөндсөн. Тухайн үед Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд бидний тавьсан таван асуудал орж, Их тэнгэрийн амнаас 17 сор бүтээлийг Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран галерейдаа жил гаруйн өмнө авчирсан. Тэдгээрээс “Жаахан шаргын нутаг” гэдэг зургийг сэргээн засварлаж байгаа.



-Үндэсний гэдэг тодотголоо авч үлдэх хүсэлт гаргасан гэлээ. Гэтэл өөрийн гэсэн байргүй байж үндэсний хэмжээний галерей болж ажиллана гэдэг том асуудал байх?


-Тийм. Үндэсний хэмжээнийх болно гэдэг зөвхөн нэр төдийхөн дээр ярьж болохгүй асуудал. Тиймээс бид өөрийн гэсэн байртай болж, тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудлаа шийдэх нь чухал. Ингэснээр олон улсын түвшинд үндэсний хэмжээний галерейн хувиар ажиллах ёстой. Манай галерейн байр Нийслэлийн өмч бөгөөд бид сар бүр түрээс төлдөг. Тооцоо хийхэд, манай галерей 1991 оноос хойш 3.6 тэрбум төгрөгийг байрны түрээсэнд төлсөн байх жишээтэй. Энэ асуудлыг хотын удирдлага болон манай яамны удирдлагууд шийдвэрлэх байх аа. 


-Ер нь соёлын салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн баталгаа ямар байдаг вэ?


-Манай салбарын ажилчид маш бага цалинтай. Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээнээс хамаараад, манай галерейн ажилчид сард 600-700 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ дотор дандаа соёл судлаач, музей судлаач, урлаг судлаачийн мэргэжлээр сургууль төгссөн, мэргэжилдээ хайртай залуус байдаг юм. Тэд барилгачин, шаварчин, барималчин гээд л бүх ажлыг хийнэ. Намайг анх ажил авч байх үед галерейн танхимууд маш харанхуй, дээврээс нь дусаал гоождог, модон шал нь хууларч, энд тэндээ өм цөм болчихсон, хүндхэн байлаа. Дээр хэлсэнчлэн манай галерей анх удаа маш их орлого оллоо шүү дээ. Аз болоход хууль гарч, хэрэгцээтэй зүйлдээ тэр мөнгөө зарцуулах боломж бүрдсэн тул нэмэлт данснаасаа 32 сая төгрөг гаргаж, галерейн байрандаа бүрэн засвар хийсэн. Ингэхдээ, яг өөрсдөө хоёр сарын турш засвар хийсэн. 



-Монголын уран зургийн галерей одоо маш сайхан тохилог болжээ. Танай байгууллага маш цөөн ажилтантай шүү дээ. Энэ бүхнийг өөрсдөө хийсэн гэдэг нь бахархмаар юм...?


- Бид үзэсгэлэнгийн танхимуудад нийт 780 гэрэл хийж 20 жил харанхуй байсан хэсгийг асаасан юм. Хүмүүс яасан гэгээтэй болчихвоо гээд гайхаж байсан. Тэр гэрлийн суурь нь байж л байсан. Тэгэхээр, 20 жил тэнд хүн гар хүрээгүй байна шүү дээ. Өм цөм болсон модон шал нь хөлийн дуу чимээ их гаргадаг. Тиймээс акустик талаас нь бодож хивсэнцэр дэвсээд, комфорт орон зай үүсгэсэн. Бид байраа зассаныхаа дараа төрийн нэрийн өмнөөс алтан үеийнхнээсээ уучлал хүсэх нь зүй гэж бодсон юм. Тэдний хайртай бүтээлүүдийг галд өргөчихсөн шүү дээ. Ахмадууд нь гомдоод галерейдаа ирэхээ больчихсон. Учир нь уран бүтээлч хүний бүтээл бүтээл нь хамгийн чухал амин сүнс нь юм. Тиймээс хөгшчүүлийнхээ гомдлыг тайлахаар шийдсэн юм.


-Өөрсдийнх нь "хамгийн, хамгийн" бүтээл нь заларч буй газар тэдний хувьд ёстой л гэр нь санагддаг байж таарна даа?


-Тийм шүү. Засвар хийснийхээ дараа, гэрээ цэвэрлэсэн хүүхэд эхлээд ээж аавдаа гайхуулдаг шиг уржнан цагаан сарын өмнөхөн 70-аас дээш насны ахмадуудаа урьсан бөгөөд 48 хүн ирсэн. Бид яг цагаан сар шиг ширээ засаж, тэдний хадгалагдаж буй бүтээлийг нь гаргаж үзэсгэлэн дэглэсэн байсан. Тэд орж ирээд л “би яваад дээлээ солиод ирье”, “одон медалиа зүүдэг байж” гэх зэргээр ярьж байсан нь надад сайхан санагдаж билээ. Ээжийгээ хайж байгаа цэцэрлэгийн хүүхэд шиг өөрсдийнхөө бүтээлийг хайж олоод, зургандаа мөргөж байсан. Зарим нь 30 жилийн турш зургаа өөрөө ч хараагүй гэдгээ хэлж байхад, зарим нь залуу насаа дурсаад, зурагтайгаа ярьж байгаа юм. Хамгийн гол нь тэдэнд бүтээл нь галерейн сан хөмрөгт үүрд хадгалагдаж ард түмний хүртээл болж байна гэсэн батламж өгсөн юм. Тэдний сэтгэл нь маш их хөдөлсөн. Хүний амьдрал ч баялаг юм. Бид такси үйлчилгээний компанитай хариуцлагын гэрээ байгуулж, манай залуус очиж тэднийг гэрээс нь авах хүргэх ажлыг зохион байгуулсан. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр манай ажилчид монгол дээлтэй тэдний өмнө гарч мэхийсэн. Түүнээс хойш манай ахмадууд Галерейдаа хааяа жаахан чихэр бариад ирдэг болсон. Ахмадууддаа өршөөгдсөн ч юм уу, манай ажил үйлс түүнээс хойш маш сайн явж ирсэн. Манай галерей жил бүр 1-2 өндөр настай уран бүтээлчийн үзэсгэлэнг хариуцаж дэглэдэг болсон.



-Хүн төрөлхтөн онцгой, сонин зүйлд татагддаг юм байна. Эрмитажийн музей гэхэд л олон том өрөө, тансаг байшингаараа хүмүүсийн сонирхлыг их татдаг шүү дээ. Тэгэхээр манай уран зургийн галерей шинэ байртай болох нь мэдээж юу юунаас чухал байх...


-Манай галерейн сан хөмрөгт нмийт 4 мянган бүтээл байна. Үүнд уран зургаас гадна баримал, сийлбэр, гар урлалын бүтээл байдаг. Гэвч жилд тэдгээрийн 8 хувийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм. Яагаад гэвэл байрны орон зай нь хомс. Сонирхуулахад, энэ жил усан будгийн бүтээлүүдийг анх удаа гаргасан байгаа. Усан будгийн төрөл бол маш нарийн, нэг зураас тавьсан л бол яг тэр чигтээ үлддэг гайхалтай. Мөн барын бүтээл огт гарч байгаагүй. Төмөр, хулдаас, модон бар гэж байдаг шүү дээ. Барууны орнуудад барын бүтээлийг их сонирхож байгаа. Бар гэдэг чинь төмөр, мод зэргийг эсрэг тал руу нь сийлж дардас болгоод, дараа нь хавтгай гадаргуу дээр тамгалж бүтээл төрдөг. Дүрслэх урлагийн маш хэцүү төрөл бөгөөд манай улсад барын бүтээл хийдэг маш цөөхөн уран бүтээлч бий.


Ташрамд, Монголын дүрслэх урлагийн алтан сан хөмрөгийг хадгалах хамгаалах, ард түмэндээ он цаг хугацааны түүхэн үйл явдал, Монгол эх орны онгон дагшин байгаль түүхийн эх сурвалж, хүн зоны ахуй амьдрал аж байдал, нийгмийн хөгжлийн түүхэн үйл явдал, түүгээр орчин үеийн Монголын орчин үеийн хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх хүндтэй үүргийг хоёргүй сэтгэлээр, гар бие, цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа үе үеийн музейчид, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчиддаа талархаж байгаагаа илэрхийлье. Тэд бол зүгээр л мэргэжилдээ үнэнч, сахилга баттай агуу хүмүүс юм. 


-Ярилцсанд баярлалаа...

Холбоотой мэдээ