Кабулын халдлагын хариуцлагыг "Лалын улс" өөртөө хүлээв

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-07-24 11:34:44

КАБУЛ. /VOA/. Афганистаны нийслэл Кабул хотод олон хүний  аминд хүрсэн амиа золиослогчийн халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын бүлэглэл өөртөө хүлээлээ.

Өчигдөр Кабул хотод үндэстний цөөнх хэдэн мянган иргэн эсэргүүцлийн жагсаал хийж байхад томоохон дэлбэрэлт болжээ.

Тус улсын ЭМЯ мэдэгдэхдээ “80 хүн амь үрэгдэж, 231 хүн шархадсан” гэлээ.

Лалын шиитийн урсгалыг шүтдэг хазарчууд өчигдөр эсэргүүцлийн жагсаал хийж, цахилгааны томоохон шугамыг муж дундуур нь дамнуулан тавих төлөвлөгөөг өөрчлөхийг шаардсан аж.

Манай хоёр хүн шиитүүдийг онилон биедээ бэхэлсэн тэсрэх төхөөргүүдийг дэлбэлсэн гэж тус бүлэглэл мэдэгджээ.

Гэм зэмгүй энгийн номхон иргэдийг хөнөөснийг Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эрс буруушаалаа. Тэрбээр хэлэхдээ “энэ мэт террорист халдлагыг таслан зогсоохын тулд Афганистаны ард түмэн эв нэгдэлтэй байх хэрэгтэй” гэжээ.

Афганистан дахь “Лалын улс”-ын жигүүр нь өнгөрсөн оноос тус улсын зүүн нутагт нөлөөгөө бэхжүүлж эхэлсэн байна.

АНУ-ын хүчнийхэн “Лалын улс”-ын нөлөө бүхий хүмүүсийг онилон нисгэгчгүй нисэх онгоцноос цохилт өгсөөр байгаа юм.

Бямба гарагт болсон халдлага нь тус бүлэглэл Афганистанд нэг халдлагаар хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол гэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ