Монголын уран зургийн галерейн энэ жилийн байнгын үзэсгэлэн буюу бар зураг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-25 15:52:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн хосгүй үнэт бүтээлүүдийг хадгалдаг Монголын уран зургийн галерейд бар зургийн үзэсгэлэнг энэ жилийн байнгын үзэсгэлэнгээр дэлгээд байна.


Тус үзэсгэлэнд 1960-1990-ээд онд бүтээгдсэн нийт 29 бар зургийн бүтээл дэглэгдсэнээс дийлэнх буюу 50 хувийг хулдаасан барын бүтээлүүд эзэлж байна. Барын зураг гэдэг нь тамганы дардастай адил сийлмэл аргаар хэв буюу бар хийж хэвлэхийг хэлдэг.


Бар хэвлэлийн зураг нь хүрэл, шавар, чулуу, зэс, төмөр, хулдаасан, модон бар гэх мэт олон төрөл байдаг бөгөөд аль ч барын хувьд хамгийн эхний 2-3 дардас нь эх хувь буюу хамгийн үнэтэйд тооцогддог.


Тиймээс Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хамгийн эхний 2-3 дардсыг л эх хувь гэж бүртгэдэг юм байна.


Барлах төрлөөс төмөр бар нь хамгийн хэцүү ч маш нарийн зүйлсийг гаргах боломжтой, мөн нэг төмөр бараар олон хэв дарах боломжтой байдаг. Тухайлбал, уг үзэсгэлэнд зураач Цэвэгжавын Дагванямын 1977 оны “ЦАГААН САР” / 45х66 см/ өнгөт төмөр барын бүтээлийг дэлгэжээ. Зургийн төв хэсэгт золгож буй хүмүүсийг дүрслэн, тэднийг тойруулан хот айлын өвөлжөөг илтгэн харуулахдаа мал сүрэг, унаа хөсөг, нуруулдсан өвс, бууц, аргал, түлш зэргээр тоочин дүрсэлж зохиомжилсон нь монгол зургийн дэг жаяг буюу нэг хавтгайд олон үйл явдлыг багтаан дүрсэлдэг аргыг ашигласан байна.




Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгч А.Оюунболороос бар зургийн үзэсгэлэнгийн талаар тодруулахад, “Энэхүү үзэсгэлэнд төмөр, хулдаасан, модон барын бүтээлүүд байгаа. Одоо дэлгээд буй бүтээлүүдийн дийлэнхийг Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач Д.Амгалан гуайн бүтээлүүд эзэлж байна. Бид сан хөмрөгт байгаа сор бүтээлүүдээ дэлгэсэн" хэмээн онцоллоо.


Ташрамд дурдахад, монголчуудын ном хэвлэлийн түүхэнд бар хэвлэл чухал байр эзэлдэг. Дундад зууны үед ном хэвлэлийн газар нь хүрээ хийдийн газарт л төвлөрч байсан. Монголын хүрээ хийдийн барлах газар хэвлэгдсэн шашны хөлгөн судруудын хамгийн том нь 1720 онд Өвөр Монголын Долоннуурын сүмийн барханд хэвлэсэн 108 боть Ганжуур юм. 





Холбоотой мэдээ