Японы Засгийн газар Оросын банкуудын хөрөнгийг царцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-25 13:36:34

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй нь холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд тус улсын банкуудын хөрөнгийг царцаах шийдвэр гаргажээ.


Энэ тухай баасан гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Сангийн сайд Сүзүки Шюнъичи мэдэгдэв.


“Бид ОХУ- д авсан хориг арга хэмжээний хүрээнд гурван банкны хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргалаа. Эдгээр нь ВЭБ, “Промсвязьбанк”, “Россия” банкууд юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Токио ОХУ-д шинээр багц хориг арга хэмжээ авсныг өмнө нь тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгджээ.


Түүний мэдэгдсэнээр, Японы Засгийн газар Оросын эсрэг хязгаарлалтын арга хэмжээг гурван чиглэлээр чангатгах шийдвэр гаргасан байна. Эдгээр нь тус улсын иргэдэд виз олгох болон хагас дамжуулагч зэрэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах, санхүүгийн байгууллагуудын хөрөнгийг битүүмжлэх гэсэн гурван чиглэл юм.


Холбоотой мэдээ