Суманд барилга барьдаг иргэдийг сургалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-25 12:15:53
Архангай /МОНЦАМЭ/. Жэрэс ОУБ-аас Архангай аймагт хэрэгжүүлж байгаа Семаатерр-2 төслийн баг “Боловсролын байгууллагын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, суралцах орчныг сайжруулах нь” зорилтынхоо хүрээнд Тариат суманд ажиллажээ.
Төслийн дулаан алдалтыг хэмжих багийнхан тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, спорт заалууд, сурагчдын дотуур байр, эрүүл мэндийн төвийн барилгуудын дулаан алдагдлыг гаднаас хэмжив.
Сургуулийн барилгуудын дулаан алдагдлыг дотроос нь, зарим анги танхимын агаарын чанар, температур, чийгшлийн хэмжээг үзжээ. Ингэхэд байх ёстой стандарт хэмжээнээс чийгшил их, температур бага, нүүрс хүчлийн давхар исэл их байгаа дүгнэлт гарсан байна. Энэ нь барилгын агааржуулалт муу байгаатай холбоотой ажээ.
Сургуулийн хичээлийн байр, спорт заал, гал тогооны барилгууд дулаанаа суурь хана, тааз, дээвэр, цонх хаалганаасаа ихээр алдаж байгааг багажаар тодорхойлж, холбогдох хүмүүст зөвлөгөө өгчээ.
Харин сургуулийн дотуур байр, эмнэлгийн барилгуудын дулаан алдалт харьцангуй бага байв.
Иргэдийн хүсэлтийн дагуу сумын төвийн 5 айлаар орж, байшингийн дулаан алдагдлыг үзэхэд мөн л суурь, дээвэр, цонх хаалганаасаа дулаан алдаж байгаа үзүүлэлт гарав.
Үүнийг иргэдийн төлөөлөл О.Барбаатар, О.Отгонбаяр нар ярихдаа иргэд байшин барихдаа мэргэжлийн хүний заавар зөвлөгөөгүй, орон нутагт байгаа барилгын түүхий эдийг ашигладаг, өөрсдийн уламжлалт аргаар барьж байгаа учраас ийм байна гэлээ. Цаашид төслийн багийн зөвлөгөөг хүмүүст өргөн хүргэх, суманд барилга барьдаг иргэдийг сургалтад хамруулах хэрэгтэй хэмээн хэлсэн тухай мэдээллийг Архангай Медиа группын Тариат сум дахь сурвалжлагч В.Хасбаатар мэдээлэв.
Холбоотой мэдээ