Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд Европын холбоотой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-23 11:32:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нар Европын холбооны парламент дахь Ази, Монголтой харилцах бүлгийн төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газраас цар тахлын үед баримтлах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг улбар шараас шар түвшинд болгон хилээ нээснээс хойш ирсэн анхны зочид нь Европын холбооны Парламентын бүлгийн төлөөлөгчид та бүхэн” хэмээн онцлоод, 2027 он хүртэлх Европын холбооны хамтын ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийг тэргүүлэх чиглэл болгосонд таатай байгаагаа илэрхийлэв. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд БОАЖЯЕвропын холбооноос манай улсад суугаа Төлөөлөгчийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ ч дуулгасан юм. 


Талууд байгаль орчин, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил сэдвээр санал солилцож, хамтран ажиллах чиглэлд санал нэгдсэнийг БОАЖЯ мэдээлэв.


Европын холбооны парламентын төлөөлөгчид энэ үеэр Монголд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тулгамдсан асуудалд хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийлээд, “Ногоон шилжилт” хөтөлбөртэй уялдуулан судалгаа хийх, төсөл хөтөлбөр, техникийн шийдлийг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэв. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, хөрс хамгаалахад Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого, чиглэлийг сонирхон, энэ чиглэлд хамтран ажиллах боломж бий хэмээлээ. 


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цааш ярихдаа, “Засгийн газраас эдийн засгаа богино хугацаанд сэргээх гол салбараар аялал жуулчлалыг нэрлээд байгаа. Монгол Улс энэ сарын 14-нд олон улсад хилээ нээсэн. Энэ мэтээр аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэн эрчимжүүлж байна. Бусад чиг үүргийн яам, мэргэжлийн зөвлөлтэй хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ онд нэг сая жуулчин авахыг зорьж байгаагаас гадна иргэний агаарын тээврийг либералчлах, өрсөлдөх чадварыг сайжруулах, жуулчдын урсгалыг нэмэхэд онцгой анхаарна” гэжээ.


Уулзалтын төгсгөлд, Европын холбооны парламент дахь Төв ази, Монголтой харилцах бүлгийн төлөөлөл хэлсэн үгэндээ байгаль орчин, аялал жуулчлалыг хамтатган хамгаалж, хөгжүүлэх нь үр дүнтэйг онцлоод, цар тахалтай зэрэгцэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Европын холбоо анхаарч байгааг тодотгов. Энэ хүрээнд богино хугацаанд аялах сонирхолтой дэлхийн жуулчдын визний шат дамжлагыг шийдэхэд анхаарч байгаагаа сонирхуулсан юм.

Холбоотой мэдээ