Архи согтууруулах ундаанаас татгалзах нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-22 16:37:17

Завхан/МОНЦАМЭ/. “Архигүй амьдралыг цогцлооё-2” нэртэй нөлөөллийн ажлыг тус аймагт эрчимтэй хийж эхэллээ гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж эрүүл амьдрах, иргэдийг зөв дадалд уриалах нөлөөллийн ажлыг аймгийн хэмжээнд хийж байна. Тухайлбал, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилчдад амьдрах орчноо архи, согтууруулах ундаагүй инээмсэглэл, хайр дүүрэн байлгая гэсэн уриалгыг хүргээд буй. Мөн архи согтууруулах ундааны хор хөнөөл, түүнээс хэрхэн салах тухай зөвлөмж, архи согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэлт ямар хор уршгийг дагуулж байна гэхчлэн нөлөөллийн постеруудыг бэлтгэж олон нийтийн газруудад байршуулж байгаа. Статистик тоо баримт бүхий нөлөөллийн постерууд, видео бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдэд уриалгыг хүргэх ажлыг хийж байна гэв.

 Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өсжээ

Завхан аймгийн тухайд архи согтууруулах ундааны хэрэглээ улсын дунджаас бага байгаа хэдий ч хүн амын дунд хэрэглээ багасаагүй байгаа нь Цагдаагийн газрын мэдээллээс үзэхэд харагдаж буй.

Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар нийт 305 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 94 хүнээр буюу 23.5 хувиар буурчээ. Эдгээр эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 3 буюу 1.0 хувь нь эмэгтэй, 302 буюу 99.0 хувь нь эрэгтэй хүн эрүүлжүүлэгдсэн байна. Мөн онд нийт 17751 зөрчил бүртгэгдсэн бол 2020 оны 12 сард нийт 16379 зөрчил бүртгэгдсэн нь 1372 зөрчлөөр буюу 8.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс согтуугаар үйлдэгдсэн 1006 зөрчил бүртгэгдсэн бол 2020 онд 908 зөрчил бүртгэгдсэн нь 98 зөрчлөөр буюу 10.7 хувиар өссөн байна. Үүнээс үзэхэд согтууруулах ундаа худалдан борлуулах хязгаарлалт тогтоосон. Иргэдийн хөдөлгөөнд хөл хорио тогтоосон зэрэг шалтгааны улмаас согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах талаарх сурталчилгаа нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй юм гэж аймгийн Эрүүл мэндийн газраас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ