Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын 98 хувийг шийджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-21 15:10:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд иргэдээс ирүүлсэн 27312 өргөдөл гомдлын 98 хувийг нь шийджээ.


Нийслэлийн нутгийн захиргаа болон харьяа алба агентлаг зэрэг 1248 байгууллагын 3009 нэгжийн 28 мянган албан хаагч ERP системд нэгдсэн байдаг. Эдгээрээс нийслэлийн 34 агентлагт хаягласан 13685  өргөдөл гомдлыг МХГ, Газар зохион байгуулалтын алба, Авто замын хөгжлийн газарт өгсөн байна.


Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн удирдах газар, Зорчигч тээвэр-3 зэрэг газарт иргэд олноор хандсан бол орон нутгийн өмчит төсөвт байгууллагаас Нийгмийн халамжийн тусгай төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Төр захиргааны авто бааз гэсэн газар өргөдөл гомдлын тоогоороо тэргүүлжээ. Есөн дүүргийн хэмжээнд 7200, Захирагчийн ажлын албанд 509 өргөдөл гомдол иржээ.  


Өнгөрсөн онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирсэн өргөдөл гомдлын шийдвэрийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулахдаа, “Нийслэлийн байгууллагуудад хаягласан өргөдөл гомдлын ихэнхийг шийдэж байгаа ч хуулийн хугацаанд нь хариу өгөөгүй, хугацаа хэтрүүлж шийдсэн дутагдал нийтлэг байгаа. Энэ онд өргөдөл гомдол шийдэх хугацаанд анхаарч, хэрэв шийдэхэд  хүндрэлтэй байгаа бол хугацааг нь 1 удаа 30 хоногоор сунгах боломжийг ашиглах нь зүйтэй хэмээн сануулав.

Холбоотой мэдээ