Шаргалжуут хэмээн нэрлэх болсон нь

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-07-22 14:04:36

Халхын Зая Бандид Лувсанпэрэнлэй гуай Шаргалжуутын рашааны судрыг анх удаа зохиожээ. Лувсанпэрэнлэй нь халхын хангай хааны нутаг Хужирт гэдэг газар төрсөн. Багаасаа ном эрдэмд авъяастай байснаас Төвдийн Гүмбум, Үйзэн гэдэг газарт шавилан сууж байж. Тэрээр 18 жил төвд, Самгарди хэлийг судлаж тэр хэлээр бурхны шашны гүн ухаан, уран зохиолын номыг судалжээ.

Монголчууд Шаргалжуутын рашааныг хэдэн мянган жилийн туршид эмгэг хуучаа засахад хэрэглэж иржээ. 15-р зууны сүүлийн хагаст Доржринчин гэдэг оточ Монгол төвд оточ нарын хүчээр 50 гаруй рашаан булгийг оншлон тогтоож олонд мэдэгдэж байснаас гадна 19-р зууны үед эл рашаанд Халхын Засагт хан, сайн ноён хан, Түшээт хан, аймгуудаас рашаанчид, автономитын үед хятад, орос зэрэг гадаад орны жуулчид ирдэг байсан байна. Тэд рашаанд орох түүнийг уух, шавшихын зэрэгцээ рашааны халуун эрдэсжсэн хад, чулуугаар жигнэх, замаг шавраар хөхүүлэх, уураар утах хэлбэрээр ашиглаж байжээ.

 Шаргалжуутын рашаан нь Хангайн нурууны өврийн эртний галт уулсын тогтоц бүхий өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн байдаг. Рашааны орчмын уулс нь цэвэр цэнгэг агаар бүхий тогтуун уур амьсгалтай. Энэ рашаан нь эрт дээр үеэс газар газрын хүмүүс цугларан ирж биеэ эмчлэн сувилдаг байсан төдийгүй Манж, Чин гүрний үед Шаргалтжуутын рашааны ойролцоо Бээжингээс Улиастай явах монгол нутгаар дамждаг 21 өртөөний нэг өртөөг байгуулж манжийн ноёд түшмэл нар ирж биеэ сувиладаг байж.

Шаргалжуутын рашааныг анхлан хүнд танигдаж мэдэгдсэн түүх домгоос үзвэл эрт дээр үед Хүннү гүрний үеэс үүдэлтэй байсан аж. Домогт өгүүлснээр энэ нутгийн мэргэн анчин өвгөн нум сумаа агсран ан гөрөө хийж явтал Говийн өлгөчин шар гичий чоно тааралджээ. Түүнийг харваж шархдуулснаар нөгөө чоно зугтан явсаар уур савсан ундарч байгаа булгуудын дунд орчиж гэнэ. Анчин өвгөн хүлээзнэж байтал шархадсан гичий чоно ямар ч шарх олоогүй мэт босоод давхисанд гайхсан өвгөн хэвтсэн газар очвол бага зэрэг цус туссанаас өөр юмгүй байсанд энэ рашааны эд шидтэйг нь мэдэж өөрийн хоёр муу хөлөө хэд хоног дараалан дүрсэнд эдгэрчээ. Түүнээс хойш энэ рашааныг Шаргал-жуут-ын рашаан гэх болжээ. Учир нь говийн чонийн эмэгчнийг "жуут" гэдэг аж. Говийн чоно нь шаргал ухаа зүстэй амьтан юм. Тиймээс Шаргалжуут гэдэг ажээ.

Холбоотой мэдээ