Б.Жавхлан: Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг 30 хүний орон тоотой ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-16 13:52:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Эдийн засаг, хөгжлийн яамны стратеги, хөгжлийн бодлогыг баталсан тухай Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.  


Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яамыг энэ оны нэгдүгээр сард байгуулсан юм. Тус яамны стратеги, хөгжлийн бодлогыг баталснаар, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж, бүтцээр хангагдаж буйг Сангийн сайд Б.Жавхлан тодотгоод, энэ хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж буйг онцоллоо.

Тэрбээр, "Өмнө нь Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг Засгийн газрын бүтцэд бие даан ажиллаж байв. Олон жил энэ агентлагийн ажил тасарсны дараа манай Засгийн газрын үед дахин байгуулж байна. Ингэснээр, Монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт урт, дунд хугацаандаа маш тодорхой болж гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын бүтээн байгуулалт, бусад эдийн засгийн салбарт холбох нөхцөл бүрдэнэ. Мөн монгол орны хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломж, бизнесийн салбаруудыг олон нийтэд таниулан сурталчлах ажлын өргөн хүрээнд хийх ажлыг хариуцах юм" хэмээв. 


Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын олон бүтээн байгуулалтын ажил байгааг дурдаад, эдгээртэй уялдуулан Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж буйг тодотгов. Монголын эдийн засгийн форум, сүүлийн жилүүдэд тасраад байсан Давосын уулзалтад бэлтгэх ажлыг хийхээр төлөвлөж буйг дуулгалаа. 


Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг нь 30 хүний орон тоотой ажиллах аж.

Холбоотой мэдээ