Ч.Цэрэн: Би чаддаггүй гэвэл ямар ч сонирхол бий болдоггүй юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-15 11:48:57

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Зуунмод сумын Ланс хоёрдугаар багийн иргэн, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Ч.Цэрэнтэй ярилцлаа.

 

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэн аймаг орон нутгийнхаа залуу хойч үед өөрийн мэдлэг чадварыг өвлүүлэн түгээж буй танд энэ өдрийн мэнд хүргэе? Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний бие Өвөрхангай аймгийн Хуучин Дөлгөөн одоогоор Зүүнбаян-Улаан сумын уугуул иргэн. 1964 онд нөхөртэйгөө танилцаж 1965 онд Төв аймагт шилжин ирж төрсөн нутаг шигээ суурьшжээ. Хань минь өнгөрсөн жил 78 насандаа бурхан болсон. Бид хоёр 56 ханилж, ижил дасал болсон байдаг юм. Бид хоёр охин, дөрвөн хүү нийт 6 хүүхэдтэй. Манай хүүхдүүд хорт муу зуршилгүй, уран гартай их сайхан хүмүүжсэн гэж бодож, тэднээрээ бахархаж явдаг юм.  

-Та бага насныхаа дурсамжаас хуваалцвал?

-Аав ээжийнхээ гар дээр өсөж торнисон ч ээж минь намайг хоёрдугаар ангид байх жилд нас барсан. Үүнээс хойш дөрөвдүгээр анги төгсөөд шууд мал дээр гарч, сүү цагаан идээ боловсруулан борлуулж эхэлсэн. Эхээс арван гурвуулаа юм гэнэ лээ, зарим шалтгаан нөхцөлийн улмаас бага байхад есөн ах дүүстэй гэж явдаг байлаа. Одоо гурав, дөрвүүлээ л амьд мэнд байна. Тухайн үед эрэгтэй хүүхэд шиг л мал хариулж, морь унаж давхидаг их л эрэмгий дайчин хүүхэд байлаа.

13 наснаасаа оёдол сонирхож хамгийн анх дүүдээ дээл оёж өгч билээ. Тухайн үед хүүхдийн сэтгэхүйгээр хандан дүүдээ өөрийн оёсон дээлээ өмсүүлээд хөрш айлын хүнээр мялаалгуулаад чихэр боорцог аваад ир гээд гаргахад төд удалгүй энгэр нь урагдаад унжчихсан орж ирсэн. Тэгэхэд л би гэж хүн өөрөөсөө ихэд ичиж байж билээ. Түүнээс хойш аав минь намайг өмд оёход 10 төгрөг, дээл оёход 25 төгрөг өгч урамшуулдаг байсан. Тэгж л би урам зориг орж оёдол үйлийг дурлан хийдэг болсон юм.

19 насандаа Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн ангид талх, нарийн боовчны нормчин болсон. Тухайн үед нийгэм ч өөр байлаа. Хамтын тооцоо гэж 70-аад онд үүсч ажиллаж байсан. Техникум төгсөөд ирсэн хүүхдүүд өрөнд орчихдог байсан болохоор намайг халамжлан хүмүүжүүлэгчээр томилсон. Одоо бодоод байхад намайг байгууллага минь ихэд үнэлдэг байсан юм шиг байна билээ. Голдуу худалдаа, тооцооны чиглэлээр ажиллаж амьдарч байлаа. Дорноговь аймаг руу нөхөр шилжээд Айраг суманд байхдаа талх, нарийн боовны мастер хийж байлаа. Энэ онд би 76 нас хүрнэ.

-Төв аймагт амьдрах шалтгаан нөхцөл нь юу байсан юм бол?

-Нөхөр минь уугуул Төв аймгийн Баянцагаан сумын иргэн юм л даа. 1964 онд би амралтаа аваад аймгийн төв орохоор үхэр тэргэнд суугаад зам руу дөхсөн юм. Тэр үед машин элбэг биш тул аль болохоор гараа өргөж явах гэж байгаагаа жолооч нартаа сайн харуулдаг байлаа. Нөхөр минь тэр үед Хархорин сумын Барилгын 4 гээд цэргийн ангид цэрэг байсан юм. Гараа өргөөд зогсож байхад цэргүүд ачсан гуч машин ирж зогсоод миний ачааг цэргүүд ачиж өгөөд гэрт минь хүргэж өгсөн. Тэр үед л ийм охин энэ хавиар нутагладаг байх нь ээ гээд нүдэлж авсан юм шиг байсан. Тэр өдрөөс хойш манайхаар их орж гарч бид нэгэн бүл болсон юм. Миний хань их номхон дөлгөөхөн ааштай жолооч хүн байлаа. 1967 онд анхны охиноо төрүүлж байх үед би их хүндрэлтэй амаржсан юм. Тэр үед хань минь сайхан түшиж, эмч нар түргэн шуурхай цаг алдалгүй ажиллаж охин бид хоёрыг аварч байлаа. Одоо би “1964 оны Намрын налгар өдөр” гэсэн номыг бурхан болсон ханьдаа зориулж бичиж байгаа. 

-Таныг үйл урлахад нөлөөлж байсан хүн хэн байсан бэ? Оёдол хийхийн ач тустай байдал юу юм бол? Мөн хэдэн төрлийн оёдлоор хэчнээн бүтээгдэхүүн урлаж байна вэ?

-Аав минь эмэгтэй хүн энгэр захыг сайхан хийж, товчийг нямбай оёж шиддэг байх хэрэгтэй гэж сургаж байсан учраас аавдаа магтуулж урамших гэж л ихэд нямбайлан оёдог байлаа. Би чаддаггүй гэвэл ямар ч сонирхол бий болдоггүй юм билээ. Ингээд л өөрийгөө ч мөн урамшуулж сайхан байна гэж магтан сайшаадаг болсон юм. Оёдол бол эмэгтэй хүний чимэг, гоёл нь юм. Ажилсаг гэргийн дэргэд ажилгүй нөхөр хүртэл зүгээр сууж тэвчихээ байдаг юм. Оёдолчин байх нь нэгдүгээрт эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Учир нь оёдол хийхийн тулд өвдгөөрөө нугарч суудаг ингэснээр хөл, үе мөчний өвчнөөс ангид байх боломжтой, мөн нүдний хараа эрт мууддаггүй сайн талтай. Хоёрдугаарт зан байдлын хувьд их тэвчээртэй, хүлээцтэй, мэдрэмжтэй, шийдэмгий шинж чанартай болдог. Гуравдугаарт эмэгтэй хүн өөрийнхөө гараар хувцсаа, орныхоо бүтээлгийг, хөнжил, ширдгээ урлана гэдэг их сайхан. Их ажлын дараах өөрт сэтгэл ханах мэдрэмж нь дүүрэн байдаг юм.


- Оёдол хийхийн тулд хамгийн түрүүнд суралцах ёстой үйлдэл юу байдаг вэ? Мөн хориглодог зүйлс? Шинэ оёдолчид ямар зүйл дээр анхаарвал зохистой вэ?

- Оёдол хийхийн тулд хамгийн эхэнд сурах зүйл нь ердөө цэвэрхэн ханзалж сурах юм. Оёдол зөрөх, буруу оёх тохиолдолд хийсэн зүйлээ урж гэмтээхгүй ханзална гэдэг нь том чадвар, үүнийг зайлшгүй эзэмших ёстой. Дээл урлаж байгаа бол энгэрийг нь ухаж хийдэггүй, мухар хийдэггүй гээд их зүйл бий. Орчин үеийн оёдолчид уламжлалт оёдлыг хэт орхигдуулах гээд байдаг сөрөг талтай. Уламжлал гэдэг зүйлийг зайлшгүй орчин үетэй хослуулж байх нь зөв гэж боддог. Өнгөрсөн үе, одоо үе, залуу үеэсээ үргэлж суралцаж байгаарай гэж хэлмээр байдаг. Хүний хийж бүтээсэн сайхан бүтээлүүдээс санаа авч өөрийн чадвартайгаа нэгтгэн, уламжлалт хэв маягийг шингээж өгснөөр илүү тансаг мэдрэмжийг өгч болно. Үүний хэрээр өмсөж буй хүмүүн хүртэл хувцасныхаа учрыг мэддэг байх хэрэгтэй юм. Жишээлбэл, жанжин малгайг Жанжин хүн л өмсдөг байтал хүссэн хүмүүс нь тэргүүндээ залаад байдаг нь их л мэдлэггүй санагддаг.


-Сүүлийн жилд та ихэвчлэн ямар төрлийн оёдол хийж байгаа вэ?

-Өнгөрөгч онд 12 ширхэг ширдэг шивж, хатгамалтай 5 дээл урласан байна. Нас залуу байх үед 37 өлзийтэй хүрэм хийдэг хүн байлаа. Орчин үеийн зодог шуудаг их сайхан оёдолтой, бидний үед шугам шиг хэмжиж байгаад шоо дөрвөлжин хатгаж оёдог байлаа. Миний хувьд хоёр төрлийн буюу уран хатгамал, товчны нүхийг хэрдэг шиг оёдол зэргээр хатгадаг. Энэ хэрээс шиг оёдол нь зүү хатгасан мэт маш сайхан харагддаг бөгөөд гүйцэтгэл нь ч түргэн шуурхай байдаг.


-Үр хүүхдэдээ хайрладаг сургаалиасаа хуваалцвал?  

-Үр хүүхдээ би “Муугаа идвэл хоолтой явна, Муухайгаа өмсвөл хувцастай явна” гэдэг хүмүүжлээр хүмүүжүүлж ирсэн. Олон хувцастай байхыг тийм ч сайшаадаггүй төрлийн хүн л дээ. Эд материалаар биеэ чимэхээр эрдэм мэдлэгээр тархиа цэнэглэж байх хэрэгтэй. Тусч, өрөвч, хүнлэг энэрэнгүй байдлыг бага наснаас нь мэдрүүлж мал амьтантай ойр өсгөсөн. Мөн хүнтэй их сайхан мэндэлдэг байх хэрэгтэй. Үр хүүхдийнхээ ухамсарт чанарт нөлөөлж чадсан эцэг эхчүүд насны эцэст жаргах нь тодорхой. Үр хүүхэд зовоохгүй байна гэдэг чинь өөрөө нэг насны жаргал юм шүү дээ.

-Ярилцсан танд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ