Гүний уурхайн налуу ам барих ажилд Монголын үндэсний компанитай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-22 09:17:08

“Оюу толгой” компани өчигдөр буюу энэ сарын 21-нд гүний уурхайн налуу ам, үйлчилгээний портал барих чиглэлээр “Тийсс” болон “Хишиг Арвин”-ны хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Үйлчилгээний порталыг барихад ойролцоогоор 240 мянган метр куб газар шорооны ажил хийх аж. Ингэснээр гүний уурхайгаас гадаргад гарах тусгай ам бий болж, налуу нэвтрэлтийг хийх нөхцөл бүрдэх юм. Налуу амын барилгын ажлын хүрээнд тус бүр нь ойролцоогоор 5.5 метр өргөн, 6 метр өндөр, 6.5 километр урттай, зэрэгцээ орших хоёр хонгилыг барьж байгуулна. Нэг хонгил нь уурхайчид болон машин техник хэрэгсэл зорчих зориулалттай байх бол нөгөөх хонгилд нь хүдэр болон хаягдал чулууг газрын гүнээс гадарга руу тээвэрлэх туузан дамжуулгын систем хийнэ. Гүний уурхайн энэ бүтээн байгуулалтад нийт 35 мянган метр куб газар шорооны ажил, малтлагыг гүйцэтгэнэ.

“Хишиг Арвин” компани нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний компани юм. “Оюу толгой” компани үндэсний компанитай хамтран ажилласнаас Монгол Улсад шинэ технологи, ур чадвар, мэдлэг туршлагыг хөгжүүлэх томоохон түлхэц болно гэдгийг “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс онцлов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ