Трампын сонгуулийн штабын ажилтан алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-07-21 10:16:30

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас /БНН/ нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штабын ажилтан нэр дэвшигчийн эхнэр Меланиа Трампын хэлсэн үгийг бичихдээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрлөө.

Огайо муж улсад болж байгаа БНН-ын их хурлын эхний өдөр буюу энэ долоо хоногийн даваа гарагт Меланиа Трамп үг хэлсэн билээ.

Үүний дараа, одоогоос найман жилийн өмнө Барак Обамаг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үед Мишель Обамагийн хэлж байсан үгний хэсгээс “хулгайлсан” гэх яриа Америк даяар гарсан юм.

Меланиа эцэг эхийнхээ үнэт сургаалын тухай ярихдаа “юу хүсч байгаагаа хийж, амлалтандаа хүрч байхыг миний эцэг надад сургадаг байсан” гэсэн билээ.

Энэ нь Мишель Обамагийн хэлсэн үгнээс хуулбарлаж авсан өгүүлбэрүүдийн нэг аж.

Мишель Обамагийн үгийг "хулгайлсан" гэх мэдээллийг Трампын сонгуулийн штабынхан үгүйсгэж байсан боловч нэгэн эмэгтэй ажилтан өчигдөр мэдэгдэл хийж, Меланиагийн хэлэх үгийг бэлтгэхдээ Мишель Обамагийн үгнээс хуулбарласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Энэ удаагийн хэрэг нь тэргүүн хатагтай болох магадлалтай байгаа Меланиа Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ