ЕХ “Pfizer”-ын эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-01-28 09:50:57

БРЮССЕЛЬ. /CNN/. Европын Холбоо /ЕХ/ “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг “паксловид” эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн талаар тус холбооны эмийн хяналтын байгууллага пүрэв гарагт мэдэгдлээ.


Европын Эмийн агентлагийн /EMA/ эмийн асуудал хариуцсан хороо АНУ-ын “Pfizer” эмийн компанид гарган авсан вирусний эсрэг эмийг зах зээлд нөхцөлтэйгээр нэвтрүүлэхийг зөвлөсөн гэж тус агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.


Ингэснээр “паксловид” нь ЕХ-нд “COVID-19”-ийг эмчлэх зориулалтаар ашиглах анхны дотуур ууж хэрэглэдэг эм болж байна. Урьд нь АНУ, Их Британид энэ эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.


Эмийн асуудал хариуцсан хороо “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх магадлалтай дор хаяж нэг эрсдэлт хүчин зүйл бүхий өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг илэрхий бууруулж буйг тогтоосон эмийн судалгаанд нарийвчилсан үнэлгээ хийсний дараа дээрх зөвшөөрлийг олгожээ.


Эмийн агентлагийн мэдээлснээр, “паксловид” ууснаас сарын дараах байдлаар өвчтөнүүдийн 0.8 хувь нь /1039 өвчтөнөөс найм нь/ 24 цагаас урт хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол плацебо уусан хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 6.3 хувьтай /1046 өвчтөнөөс 66 нь/ байжээ. Мөн эм уусан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол нөгөө бүлгийн есөн хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ