АНУ Украинд нэмж цэргийн тусламж илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-26 16:24:59

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ Украин руу цэргийн тусламж бүхий шинэ ачаа илгээнэ гэж Пентагоны төлөөлөгч Жон Кирби CNN телевизээр мэдэгдсэн байна.


“Бид Украины аюулгүй байдлын салбарт тусламж үзүүлсээр байна, ингэснээр тэд өөрсдийгөө хамгаалж чадна. Сүүлийн хэдэн өдрийн дотор бид тусламжийн гурван ачаа илгээсэн бөгөөд дахин ачаа илгээхээр хүлээгдэж байна" гэж тэрбээр хэлжээ.


Кирбигийн хэлснээр, Европ руу 8500 цэрэг илгээх хугацааг хараахан товлоогүй байна. "Бид энэ асуултад хариулж мэдэхгүй байна. Өчигдөр бид цэргүүдээ аль болох хурдан холбогдох газар луу явуулах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Гэвч явуулах тушаал гараагүй, үйл ажиллагаанд шилжээгүй. Тиймээс хэлж мэдэхгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний үйл ажиллагаанаас их зүйл шалтгаална" гэж тэрбээр хэлсэн байна.


АНУ 8500 орчим цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан бөгөөд шаардлагатай бол Европ руу яаралтай илгээнэ гэж Пентагон өмнө нь мэдэгдсэн юм.


АНУ-ын цэргийн тусламжийг тээвэрлэсэн хоёр дахь онгоц Украинд даваа гарагт буусан билээ. Энэ онгоцонд 80 тонн зэвсэг ачжээ.


Хэд хоногийн өмнө мөн АНУ-ын тусламжийн эхний хэсэг болох 90.7 тонн зэвсэг ачсан онгоц Украинд газардсан юм. 


Холбоотой мэдээ