Ханги-Мандал боомтод чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-26 15:12:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Замын-Үүд авто замын боомтын ажлыг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.


Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэр эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар, чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13 496 тонн ачаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг багасгах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байгааг танилцууллаа.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

·      Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавраар үүрэг болгосон хөгжлийн хязгаарлагч хүчийн зүйлсийг шийдвэрлэх ерөнхий цогц төлөвлөгөөг үүрэг өгсөн хугацаанд боловсруулж, танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.


·      “Шинэ сэргэлтийн  бодлогын хурдасгуур” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг баталлаа. Тус газар нь шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, Засгийн газрын харьяа байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын оролцогч талуудыг уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй байна.    


·      Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оролцсон талаар танилцуулга хийлээ. Гүний уурхайн огтлох малталтын анхны тэсэлгээг хийснээр үйл ажиллагаа нь эхэлж, гүний уурхайг 2023 оны эхний хагаст ашиглалтад оруулах бодит нөхцөл бүрдлээ.


·      Газрын тосны бүтээгдэхүүний импортын олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хилийн зурваст дахь (хавсралтаар заасан) байршил, газрын хилийн заагийн солбицол, талбайн хэмжээ бүхий газруудыг газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих агуулах барих зориулалтаар ашиглахыг зөвшөөрлөө.  


·      Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулга хийлээ. 

Холбоотой мэдээ