Аймгийн аварга малчин Д.Чулуунбаатар 45 жил мал маллаж байна

ОРОН НУТАГТ | Хэнтий
odontungalag@montsame.mn
2022-01-27 19:26:11
Хэнтий /МОНЦАМЭ/ Үүх түүхийн сурвалж болсон Хэрлэн тооно уул, эртнээс эдүгээг хүртэл мянган өвөлжөө, түмэн бууцтай Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгаараа алдартай Дэлгэрхаан сумаас үхэр жилд хэд хэдэн аварга малчид төрөн гарчээ.
Сар шинийн босгон дээр Аварга малчдаа шалгаруулж, шагнан урамшуулдаг уламжлалын дагуу аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн шинэ аваргуудын хотонд хүрч хүндэтгэл үзүүлж, Дашдуламын Чулуунбаатар, гэргий Дашдоржийн Мөнгөнцэцэг нарт “Аймгийн аварга малчин” цол, үнэмлэхийг гардуулан өглөө.
Дашдуламын Чулуунбаатар нь ус нутагтаа төрж, эцэг эхийн гар дээр торнин, 1964 онд сумын сургуульдаа элсэн орж төгсмөгцөө 1974-1977 онд Өмнөговь аймагт гурван жил цэргийн алба хааж, нутагтаа ирэн 1978 онд сумын тулхтай малчин Дашдоржийн том охин Мөнгөнцэцэгтэй ханилан, 40 гаруй жил мал малласны зэрэгцээ, тэд 7 хүүхэд төрүүлж өсгөсөн байна. Д.Чулуунбаатарынх 1977-1992 он хүртэл Баян бадрал нэгдлийн Хэрлэн тооно багийн малчин, 1995-2004 онд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин, 2005 оноос одоог хүртэл хувийн малаа өсгөн өнөөдрийг хүрчээ.
Тэрбээр бэлчээрийн даацад тохируулан малынхаа тоо толгойг өсгөх, бэлчээрээ улирлын зохион байгуулалтад оруулан мал сүргээ бэлчээдэг аж. Үүнчлэн тус суманд хэрэгжиж буй TNC ОУБ-ын “Нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээр хамгаалалт” төслийн Хаяа худаг нөхөрлөлийн идэвхтэн гишүүнээр ажиллаж, бэлчээрээ зөв зохистой ашиглах арга туршлагыг нутгийн малчдадаа үлгэрлэж байна.
Түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлж 2006 онд Сумын алдарт уяач, 2008 онд ХХААХҮЯ-ны Жуух бичиг, 2014 онд Мянгат малчин цол тэмдэг, 2018 онд Сумын аварга малчин, 2021 онд ХХААХҮ-ийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.
Холбоотой мэдээ