Австралийн Засгийн газар аборигенуудын далбааны зохиогчийн эрхийг худалдаж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-01-25 13:52:05

СИДНЕЙ. /ABC News/. Австралийн Засгийн газар тус тивийн уугуул иргэд болох аборигенуудын далбааны зохиогчийн эрхийг 20.05 сая австрали доллароор (14.4 сая ам.доллар) худалдаж авснаар хүн бүр чөлөөтай ашиглах боломжтой болжээ.


Австралийн уугуул иргэдийн төлөөлөл Харольд Томас хэмээх зураачийн 1971 онд бүтээсэн уг далбааг 2018 онд аборигенуудын бэлгэдэл бүхий хувцас үйлдвэрлэдэг боловч уугуул иргэдийн төлөөлөгчидтэй хамааралгүй “WAM Clothing” компани худалдаж авчээ. Тус компани уг далбааг ашигласны төлбөр шаардах болж, улмаар "Далбааг чөлөөл" нэртэй хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн байна.


Харин Австралийн Засгийн газар зохиогчийн эрхийг шилжүүлэх талаар тохиролцоонд хүрснээр үнэ төлбөргүй ашиглах боломжтой болжээ. Засгийн газраас гаргасан төлбөрийн ихэнхийг далбааг бүтээгч Харольд Томас авах аж. 


Уугуул иргэдийн далбааг одоо хүн бүр чөлөөтэй ашиглах боломжтой боловч Австралийн далбаатай адил хүндэтгэлтэй хандах ёстой гэж тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна. 


Аборигенуудын далбааны зохиогчийн эрхийг авсантай холбогдуулан Австралийн Засгийн газар уугуул оюутнуудад жил бүр 100 мянган австрали долларын (71.100 ам.доллар) тэтгэлэг олгохоор болжээ. Харин 1971 онд Томасын бүтээсэн далбааны эх хувилбарыг Австралийн Засгийн газарт бэлэглэх бөгөөд тус улсын уран зургийн галерейнуудын нэгд үзмэр болгон тавих юм. Мөн зураач өөрөө "аборигенуудын далбааны өв"-ийг хамгаалах, уугуул иргэдийг дэмжих тусгай сан байгуулахад 2 сая австрали доллар (1.4 сая ам.доллар) хандивлахаар болжээ.


Уг далбааг 1971 онд аборигенууд газар нутгаа өмчлөх гэсэн анхны оролдлогын үеэр уугуул иргэдийн нэгдмэл байдлыг илэрхийлсэн бэлгэ тэмдгийн хувиар бүтээжээ. 1972 онд Австралийн аборигенуудын албан ёсны далбаагаар сонгогдож, 1995 оны долоодугаар сарын 14-нд тус улсын хоёр дахь албан ёсны далбаа хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байна. 




Холбоотой мэдээ