Ханги-Мандал, Гашуунсухайтаар нүүрс экспортолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-24 17:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс БНХАУ-ын хилийн 8 боомттой автозамаар бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хийдэг. Үүнээс Замын-Үүд боомтоор 60 хүртэлх чингэлгээр импортын бараа, бүтээгдэхүүн оруулж ирж байна. Харин үлдсэн боомтуудаар хийж буй ачаа барааны эргэлтийн талаар АТҮТ-өөс мэдээлснээр:

  • Ханги-Мандалын боомтоор оны сүүлчээр зөвхөн экспортын чиглэлээр төмрийн хүдэр, нүүрсний тээврийг задгай тэвшээр тээвэрлэж байсан бол энэ оны эхнээс зөвхөн чингэлгээр экспорт импортын тээвэр хийнэ гэсэн нөхцөлийн дагуу чингэлэгт тээвэрт шилжүүлээд байна. Одоогийн байдлаар өдөрт 50 орчим тээврийн хэрэгслээр нүүрс болон төмрийн хүдэр гаргаж байна.
  • Гашуунсухайтын боомтоор хоногт 100 орчим тээврийн хэрэгслээр мөн зөвхөн чингэлгээр нүүрс тээвэрлэж байна. Мөн тус боомтоор зэсийн баяжмалыг  өдөрт 32 тээврийн хэрэгслээр давхар чиргүүлтэйгээр гаргаж байна. Мөн өдөрт 10 орчим тээврийн хэрэгслээр импортын бараа бүтээгдэхүүнийг татан авч байна. Энд ихэвчлэн уул уурхайн чиглэлээр, Оюутолгой болон Тавантолгойн төмөр зам, автозамын бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн оруулж ирж байна.

АТҮТ-ийн ачаа тээврийн хэлтсийн мэдээллээр Баянхошуу, Бичигт, Шивээхүрэн, Бургастайн боомт одоогоор хөдөлгөөнгүй хаалттай байна. 

Холбоотой мэдээ