Л.Пүрэв-Эрдэнэ: Цагийн ажил хийж туршлага хуримтлуулах дуртай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-19 17:24:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 4 дүгээр курсын оюутан Л.Пүрэв-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр 21 настай. Сурахынхаа хажуугаар цагийн ажил хийдэг. Цайны газарт угаагчаас эхлээд барилга дээр арматурчин гээд олон төрлийн ажил хийж байсан. Л.Пүрэв-Эрдэнэ үеийн залуучуудаа ажил, хөдөлмөрт шамдахыг уриалахын зэрэгцээ ямар ч ажлыг хийж туршлага хуримтлуулахыг санал болгож байна.

-Халамжаас хөдөлмөрт гэсэн сэтгэлгээ, хандлага чинь таалагдаж байна. Өөрийгөө товч танилцуулаач?

-Би МУИС-ийн Эрдэнэт сургуульд Санхүүч мэргэжлээр сурдаг. Үеийн залуучууддаа хичээлийнхээ хажуугаар хэрхэн ажилладаг байсан туршлагаасаа хуваалцахыг хүсч байна.

-Эрдэнэтэд цагийн ажил хийх боломж, олдоц нь  ямар байна вэ? Танай үеийнхний ажил хийх сонирхол хэр их вэ?

-Оюутнуудад зориулсан цагийн ажлын олдоц муу. Ажилд авна гэдэг зарын дагуу очиход оюутан эсвэл туршлагагүй гэх шалтгаанаар орж чаддаггүй байлаа. Гэхдээ шантрахгүй хайна. Хайсаар байгаад бас олно. 

Би анх зоогийн газарт угаагч, бэлтгэгч хийж байсан. Өмнө нь ажил хийж үзээгүй учир ажлын амт ямар гэдгийг анх тэндээс л мэдэрч байлаа. Миний хувьд ажилласан газар бүртээ хичээж ажилладаг, танилын хүрээгээ ч тэлдэг. Тийм болохоор дараа дараагийн ажлаа төвөггүй олж байсан. Ажилд чин сэтгэлээсээ ханддаг болохоор ажил олддог юм шиг санагддаг. Манай үеийнхэнд байнгын идэвхтэй ажил хийдэг хэсэг бүлэг хүүхдүүд бий. Мөн хэрэгцээ нь гарахаар хийгээд бусад үед нь “амардаг” ч  хүүхдүүд бий. Гэхдээ ихэнх нь ажлын байрны олдоц муу, цалин бага  гэсэн шалтгаанаар ажил хийдэггүй. 

-Ажлын цагаа хичээлийнхээ хуваарьтай хэрхэн зохицуулдаг вэ?

-Өглөө хичээлдээ яваад оройн цагаар зөөгч хийнэ. Амралтын өдөр болон баяр ёслолын өдрүүдэд цагийн ажил их гардаг. Тэр үед ямар ч ажил байсан хийдэг. Миний хувьд тийм мундаг сайн оюутан биш. Гэхдээ хичээл ном, бие даалтаа цаг хугацаанд нь орхигдуулахгүй хийдэг. Дүнгийн төлөө бус мэдлэг олж авахыг л эрхэмлэдэг. Хүн хийх ажил ихтэй байх тусмаа олон ажлыг амжуулж сурдаг юм билээ. Өмнө нь ажил хийдэггүй үедээ цахим орчинд болон найзуудтайгаа цагийг их өнгөрүүлдэг байсан. Тэр хэрээр хичээл хийх цаг ч багасдаг байлаа. Харин ажилтай болохоор өөр илүү зүйлд анхаарахгүй ажил болон хичээл хийх цагаа сайн төлөвлөөд явдаг. Сүүлдээ цагийн ажил хийж туршлага хуримтлуулах дуртай болчихдог юм билээ.

-Ямар ямар ажил хийж байв?

-Гоо сайхны салонд тураах ванны аппарат ажиллуулагч, төөнүүр, бумба хийж байсан. Мобикомын дугаар, утас борлуулдаг гэрээт ажилтан, мөн энэ зун амралтаараа барилга дээр арматурчин хийсэн. Анх удаагаа барилга дээр ажиллаж байгаа болохоор хэцүү байсан. Хэцүү гэдэг нь ядрах биш ажлаа хийж чадахгүй байх нь хэцүү байсан. Бусад хүмүүс яаж хийх ээ мэддэг хурдан ажиллаад байдаг. Харин би хийж чадахгүй тэндээсээ маш их дарамт мэдэрч шаналсан. Эндээс ажил хийж чаддаггүй хүн бусдад байнга “зарагддаг”, харин хийж чаддаг бол хүмүүсийн хандах хандлага ч  өөр байдаг  юм шиг санагдсан. Ажиллаж эхлээд 7 хоногийн дараа яаж хийх баримжаатай болоод үндсэн ажилтан болдог.

-Ажил хийгээд олсон цалингаа хэр үр дүнтэй зарцуулж байна вэ?

-Сүүлийн 2 жилийн сургалтын төлбөрөө өөрөө төлсөн. Мөн хэрэглээний зардлаа өөрөө зохицуулж, ээж ааваасаа мөнгө авахаа больсон. Цаашид хуримтлал бий болгоё гэж бодож байгаа.

-Ажлын дундаж цалин хэд байдаг вэ?

-Тухайн ажлынхаа учрыг олох буюу туршилтын хугацаа маш хэцүү байдаг. Энэ ч яахав хэсэг хугацааны дараа сурчих зүйл. Харин хамгийн хэцүү нь хүмүүс амьдралын боломж муутай айлын хүүхэд л цагийн ажил хийдэг гэж боддог юм шиг байгаа юм. Тиймээс заримдаа элэг барих, доромжлох, цалингаа тохирсон цагтаа, тохирсон хөлсийг нь өгдөггүй ч юмуу асуудал гарч байсан. Ажлын дундаж цалин 450.000 төгрөг байдаг. Ихэнх газрууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад, нэмэлт урамшуулал олгодог. Харин хамгийн өндөр цалинтай нь  барилгын ажил байсан.

-Зарим хүмүүс ажил хийгээд мөнгөтэй харьцаад эхлэхээр сургуулиа орхих тохиолдол их байдаг. Тийм шийдвэр гаргая гэж бодож байв уу?

-Би сурч байгаа мэргэжилдээ дуртай. Миний сурч буй мэргэжлийн хөрвөх чадвар ч маш их. Мөн эцэг эх маань итгээд сургалтын төлбөрийг маань төлж өгч байхад тийм хариуцлагагүй үйлдэл гаргахгүй ээ.

-Ярилцсанд баярлалаа. Ажил, сурлагын өндөр амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ