“Алтанбулаг” чөлөөт бүс үдийн завсарлагагүйгээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-19 16:31:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн ханган ажиллаж байна.

Тухайлбал “Алтанбулаг” чөлөөт бүс нь халдвар хамгааллын дэглэмийг сахих чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Тодруулбал байнгын үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч ААН-үүдтэй цахимаар хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн хүн хоорондын зайг баримтлан амны хаалт, бээлийг зөв хэрэглэн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг тогтмол хийх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын чиглэлээр хариуцлагын гэрээг байгуулжээ. Мөн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор чөлөөт бүсэд ажиллах гаалийн байцаагч нарын хүн хүчийг нэмэгдүүлэх, ажлын байр өрөөг гаргаж өгчээ. Түүнчлэн тусгаарлалтын хашааг сунган барих зэргээр ажиллах нөхцөл боломжоор хангасан байна. Мөн энд ажиллаж буй алба хаагчдын ажлын цагийг сунгаж, үдийн завсарлагагүйгээр ажилладаг болжээ. Тус чөлөөт бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад эргүүл, хяналт шалгалтын үүргийг Захирагчийн ажлын албаны нийт албан хаагчдыг татан оролцуулан хуваарь гарган ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хэв журмыг сахиулах ажлыг аймгийн Цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа аж. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах зорилгоор барааны үнийг ил тод байршуулах талаар ААН, байгууллагуудад байнга чиглэл өгч байгаа аж. Чөлөөт бүс дэх бараа бүтээгдэхүүний татан авалт, барааны үнийн хэлбэлзэлийг зохицуулах үүднээс Чөлөөт бүс дэх бараа бүтээгдэхүүний үнийг Улаанбаатарт худалдаалагдаж буй үнэтэй харьцуулсан судалгааг хийж, ААН-үүдэд танилцуулан ажиллаж байгаа ажээ.

Энэхүү чөлөөт бүсийн орчинд Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, Гаалийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар,  Хилийн цэргийн 0101-р анги, Алтанбулаг сумын Онцгой комисс зэрэг байгууллагууд “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн албатай хамтран ажилладаг байна.

Холбоотой мэдээ