Баруун, зүүн бүсийн төмөр замын ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-19 14:27:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Монгол Улсын баруун болон зүүн бүсийн хөндлөн чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулах ажлыг барих-шилжүүлэх-ашиглах нөхцөлтэй концессын гэрээгээр хэрэгжүүлэхийг Монголын төмөр зам ТӨХК-д даалгах шийдвэр гаргасан тухай ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэв. 


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод заасны дагуу дээрх ажлыг эрчимжүүлэх тогтоол баталсан байна. 


Баруун бүсийн төмөр замын тухайд, Арцсуурь-Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 1200 км төмөр зам байх юм. Харин зүүн бүсийн төмөр замын хувьд, Чойбалсан-Хөөт-Бичигт гэсэн чиглэлд 420 км төмөр зам тавихаар төлөвлөж байгааг ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэлдээ тодотгов. Монголын төмөр зам ТӨХК гадаад дотоодын хөрөнгө оруулагч, төмөр зам дагуу уул уурхайн лиценз эзэмшигч компаниудтай хамтран хэрэгжүүлэх юм. 


Төмөр замын төслүүд хэрэгжсэнээр, Монгол Улсын төмөр замын сүлжээ 4700 орчим км урттай болно. Өөрөөр хэлбэл, шинээр 2700 орчим км зам нэмэгдэж байгаа юм. 


Дээрх хоёр төмөр замаас гадна 2022 оны эхний хагаст багтаан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулна. Түүнээс гадна Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх, УБТЗ-ын суурь бүтцийн шинэчлэлийг төрийн бодлого, хөрөнгөөр үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Холбоотой мэдээ