НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгааны баг Говь-Алтай аймагт ажиллав

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-18 16:15:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгааны баг нэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллалаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөө” төслийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төв хамтран монгол гэрийн халаалт, дулаалгын багц хэрэглэдэг болон хэрэглэдэггүй өрхийн дотоод агаарын чанар эх, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг харьцуулан судлах ажлыг 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд хийхээр ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд судалгааны ажлын явцын үнэлгээ хийх багийнхан өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай аймагт ирж ажилласан тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 

Үнэлгээний явцад судалгаанд хамрагдаж буй өрхийн дотоод агаарын чанарт багажийн хэмжилт хийж буй байдлыг үнэлэн, орон нутгийн судалгааны багийн гишүүдэд зөвлөмж өгч, асуумж авах аргачлалд сурган, өрхийн гишүүдийн цусанд оксигемоглобин тодорхойллоо. Мөн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар, өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох эмч нарыг судалгааны арга зүйн сургалтад хамрууллаа.


Холбоотой мэдээ