Тандалтын баг 24 цагаар, өрхийн эрүүл мэндийн төвүүд илүү цагаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-18 15:03:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа  Т.Баярхүү нар Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт өнөөдөр ажиллалаа.


НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван чиглэлийг баримтлан ажиллаж байгааг тэрбээр хэлэв.

Тандалтын чиглэлээр хийсэн ажлыг танилцуулахдаа, "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна.


Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд илүү цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.


ӨЭМТ-д сайн дурын 10 жолооч, тээврийн хэрэгслийг нэмж ажиллуулж байна. ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн багийн зөвлөгөөг баримталж, иргэдэд чиглэсэн тандалт болоод эмчилгээ үйлчилгээг цаашид ч үзүүлэхээр шамдан ажиллана” гэсэн юм. 


Цаашид коронавируст халдвар, тэр дундаа омикрон хувилбарын тархалт хумигдахгүй бол хамгийн их эрсдэл хүлээх газар бол нийслэл. Тиймээс Цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, хурал, цуглаан, цайллага, сургалт зэрэг олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал цахимаар зохион байгуулах, Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг УОК-ын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, “Коронавируст халдварын тохиолдол 2022 оны нэгдүгээр сарын 3-наас огцом нэмэгдсэн. Нэгдүгээр сарын 1-3 дахь долоо хоногт хоногийн дундаж тохиолдол 3180-д хүрээд байна. Энэ нь  өмнөх долоо хоногийнхоос 34.9 хувиар өссөн /жирэмсэн 39.1 хувиар өссөн, хүүхдийн тохиолдлын тархалт өмнөх долоо хоногоос 39.8 хувиар өссөн/  үзүүлэлт юм.  Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн  тоо нэгдүгээр сарын 6-наас мөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 23 642  хүн гэрээр эмчлүүлж байгаа юм. Энэ удаагийн халдварын онцлог нь нийт иргэдийн дунд халдварын тохиолдол огцом нэмэгдсэнээс эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл учрах магадлал өндөр байна” гэлээ.


Уулзалтаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Г.Ариунбуян НОК-ын Шуурхай штабын  үйл ажиллагаа жигдэрч, омикрон хувилбарын тандалт, хариу арга хэмжээг зөв хувилбар, оновчтой арга хэрэгслүүдээр шуурхай авч ажиллаж байгааг дурдаад  нийгэмд чиглэсэн, ард иргэдэд хандсан олон чухал ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ