Шизүока мужийн Жёохокү сургуультай Сайншандын V сургууль хамтран ажиллана

ОРОН НУТАГТ | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2022-01-17 09:14:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургууль, Японы Шизүока мужийн Жёохокү сургуультай хамтран ажиллах эхлэлийг энэ оны 1 дүгээр сарын 14-нд цахимаар тавьжээ.

Шизүока мужийн сурагчид Дорноговь аймгийн сурагчдад “Рандосэрү” цүнх, Дорноговь аймгийн сурагчид Шизуока мужийн сурагчдад морин хуур, оньсон тоглоом, монгол хүүхэлдэйг харилцан гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа цахимаар болсон байна.

Цахим уулзалтад аймгийн Боловсролын газрын дарга Ч.Отгонбаяр, Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн захирал Б.Эрдэнэцэцэг болон албаныхан оролцсон бол Шизүока мужаас Боловсролын газрын дарга Кинаэ Наохиди, ахлах сургуулийн бодлого хариуцсан хэлтсийн дарга Накаяма, Жёохокү сургуулийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцож, харилцан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон аж.

Мөн V сургуулийн 34 сурагч, англи хэлний нэг багш, Жёохокү сургуулийн 30 сурагч, англи хэлний нэг багш оролцож, “Тогтвортой хөгжлийн зорилго (SDG)” сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулснаас гадна сурагчид ганцаарчилсан уулзалт хийжээ.

Албаныхан цахим камерын тусламжтайгаар дэлгэцээр холбогдож үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсан аж.


Холбоотой мэдээ