Бээжинд “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-01-16 13:38:33

МОСКВА. /interfax/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өвлийн Олимпын наадам эхлэхээс гурван долоо хоногийн өмнө буюу бямба гарагт коронавирусний “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай "The Guardian" мэдээлжээ.


Халдвар авсан хүн Хайдян дүүрэгт ажиллаж, амьдардаг бөгөөд баасан гарагт шинжилгээ өгөхөөс өмнө пүрэв гарагт шинж тэмдэг илэрч эхэлсэн гэж мэдэгджээ. Өвчтөн сүүлийн 14 хоногт халдварын батлагдсан өөр тохиолдолтой хавьтал болоогүй, хотоос гадагш зорчоогүй болохыг онцолсон байна.


Гэсэн хэдий ч өвчтөнтэй хамт амьдардаг хоёр хүний коронавирусний шинжилгээ сөрөг гарсан байна. Халдвар авсан хүнтэй ойр харилцсан 15 хүнийг тусгаарлажээ.


Хайдян дүүргийн удирдлагууд мөн өвчтөнтэй ямар нэг байдлаар холбогдсон 2000 гаруй хүнээс шинжилгээ авсан байна. 


Албан ёсны мэдээлэлд дурдсанаар, халдвар авсан хүн өмнө нь худалдааны төв, кафе зэрэг олон нийтийн хэд хэдэн газраар үйлчлүүлж, ток шоу хүртэл үзжээ.

Холбоотой мэдээ