Баянзүрх дүүрэгт “Амгалан” амаржих шинэ эмнэлэг үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-01 18:25:35

Баянзүрх дүүргийн  “Амгалан” амаржих газрын шинэ байрны нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Тус дүүргийн III хороонд байрлах амаржих газрын шинэ байр нь 9000 ам.метр талбайд 412 өрөө, 150 ортой үйл ажиллагаагаа явуулна. Япон Улсын Засгийн газрын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, аппаратаар уг амаржих газрыг тохижуулжээ. Тус эмнэлэг ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэх боломжтой.

УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн ёслолд оролцох үеэр хэлсэн үгэндээ, “Эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 6 дахин бууруулж чадлаа. “Амгалан” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгаа төдийгүй эмч, сувилагчдын ажиллах нөхцөл ч сайжирна” гэлээ. Уг амаржих газрыг ашиглалтад оруулахтай холбогдсон төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар багагүй хүчин чармайлт гаргасныг онцлов.

Үүний дараа УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд эмнэлгийн байртай танилцан, тоног төхөөрөмжийг нь үзэж сонирхов. Өмнөх төрөх эмнэлэг жилд 6000 эх хүлээж авдаг байсан бол одоо 20000 эхэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ тоо бол Улаанбаатар хотын нийт төрж буй эхчүүдийн 50 хувь нь юм.  Тухайлбал, ЭНЭШҮТ-д цөөхөн байдаг, хүртээмж муутай аппаратыг тус төрөх эмнэлэгт 10 гаруйг суурилуулсан байна. Тоног төхөөрөмж болон барилгын дизайн, шаардлагыг орчин үед нийцүүлэн хийжээ. 

Дөрвөн жилийн өмнө эмнэлгийн шавыг тавьсан ч 2012, 2013 онд төсвийг нь царцаан, дахин санхүүжүүлэхгүй гэж байхад УИХ-ын эмэгтэй гишүүд ихээхэн хүчин чармайлт гаргаснаас гадна тус дүүргээс сонгогдсон гурван гишүүн идэвх зүтгэл гаргасны үр дүнд  тус амаржих эмнэлгийн шинэ байр ашиглалтад орж байна. Мөн ирэх онд 300 ортой шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хэмжээнд төрөх эмнэлгийн хүртээмжийн асуудал нааштай шийдэгдэх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд