“Кью Эс Си” ХХК Хөгжлийн банканд 192.5 тэрбум төгрөг төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-14 19:21:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхээс өнөөдөр “Кью Эс Си” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 192 тэрбум 572 сая төгрөгийн зээлийг буцаан төлүүлэх шийдвэр гаргасныг Сангийн яамнаас мэдээлэв.


“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байна. Тус зээлийн гэрээгээр 2018 оны 12 дугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан хэдий ч “Кью Эс Си” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан байна.

Монгол Улсын Хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцож, 3 шатны шүүхэд тухай бүр Хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцсэн юм. Улмаар “Кью Эс Си” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192 572 187 590 244 /нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таванзуун ер/ төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ