МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-12 18:29:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.


УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй талаар Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хуралдааны эхэнд мэдээлэл өгсөн.


Хэлэлцэж буй асуудалтай холбоотой танлцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хийв. Тэрбээр Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна.


Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүд олон нийтийн телевизийн бодлогыг хэрхэн хардаг болон нийгмийг хэрхэн төлөөлж ажиллах, томилогдвол ажилдаа хэрхэн хариуцлагатай хандах талаар тодруулж, хариулт авсан юм. Нэр дэвшигчид хуулийн хүрээнд ажил үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ. Асуултад мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хариулт өгөв.



Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, М.Оюунчимэг, Ж.Батсуурь, Ж.Мөнхбат нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар телевиз өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болох талаас нь харж хөдөлмөр, бизнес хийх санаа, сэдэлтэй байх талаар, Д.Тогтохсүрэн залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсрол олгоход контентын бодлогыг чиглүүлж ажиллах тухай үг хэллээ.  Гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар хэлэхдээ, Үндэсний зөвлөл ажилдаа хариуцлагагүй хандаж, хурлаа цаг тухайд нь хийдэггүйгээс олон асуудлыг шийдвэрлэх боломж гацаанд орж, уран бүтээлчид хохирч буй талаар хөндсөн. УИХ-ын гишүүн Н.Энхболд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжгүй тохиолдолд Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах дэгтэй болох нэмэлт, өөрчлөлтийг зохих хуульд оруулах талаар мөн санал, байр суурь илэрхийлэв.


Ингээд Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, Д.Жавзандорж, Н.Онон нарыг оронд нь томилохыг дэмжье гэсэн агуулгаар тус бүрт нь санал хураахад, гишүүдийн олонх дэмжив. Иймд уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ