Үндсэн хуулийг батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-12 16:56:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн өдрийг угтан, нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцсон Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлэв.


Нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал зэргийг шинээр тунхаглан баталсан нь чухал ач холбогдолтой. Үндсэн хуулийг дагаад Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг баталсныг тодотгож байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ.  



Ардын Их Хурлын хүндэт депутат Д.Мөнхөө: Монголын 4 дэх шинэ Үндсэн хууль батлахад оролцсон 430 депутатын 9 нь эмэгтэй байсан. Үндсэн хуулийн төслийг бүх шатны  эмэгтэйчүүдийн байгууллагаар хэлэлцүүлж, санал бүрийг Ардын Их Хуралд албан ёсоор өргөн барьж байлаа. Монгол Улсын Үндсэн хууль 30 жилийн турш нийгмийн амьдралыг зохицуулж, хамгийн том эрх зүйн акт болж чадсан. Ийм нэр төртэй төрийн бичиг баримтыг боловсруулахад оролцсондоо баяртай байна гэжээ.  



Энэ үеэр Ардын Их Хурлын хүндэт депутат Г.Очирбат: Үндсэн хуулийн төсөл боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн хуралдаж, баталсан. Үндсэн хууль бол маш ач холбогдолтой. Энэ хуулиар “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан. Мөн "Монгол Улс нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс” хэмээн онцолж заасан түүхэн ач холбогдолтой хууль юм хэмээсэн байна.



Ардын Их Хурлын хүндэт депутат Р.Барсболд: Монгол Улсын Үндсэн хууль бол дэлхийд ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас маш сайн үнэлгээ авсан. Ер нь цаашдын хөгжил, тусгаар тогтнолд үүргээ гүйцэтгэсэн. Хэдий улс орны хөгжилд буруу, зөв зүйлс байсан ч Үндсэн хууль туг шиг урд нь байсан гэж болно. Ер нь хууль гарлаа гээд гараа хумхиад суухгүй, хуулийн биелэлт хэр байгааг хянаж байх хэрэгтэй гэжээ.



Түүнчлэн, Ардын Их Хурлын депутат, орлогч дарга Н.Батбаяр: Үндсэн хууль бол 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон бичиг баримт. Үндсэн хууль гарснаар Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд зарлаж, бие даасан төрийн бодлого явуулах боломжтой гэдгээ бусад улс оронд хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ утгаараа Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын оргил үйл явдал юм” гэж тэмдэглэжээ.


Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан юм.

Холбоотой мэдээ