Аймгаас гаралтай математикийн багш нартай хамтран ажиллана

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-06 15:36:51
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал сумын уугуул, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн В.Адьяасүрэн, Монгол Улсын Гавьяат багш Р. Бат-Эрдэнэ тэргүүтэй математикийн багш нарыг аймгийн Засаг дарга өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Өнгөрөгч 2021 онд Болгар Улсын Благоевград хотноо зохион байгуулсан Олон улсын оюутны Математикийн 27 дугаар олимпиадад оролцож, хүрэл медаль хүртсэн оюутан Б.Жамбыг бэлтгэсэн багш нь В.Адьяасүрэн юм.
Аймгийн Засаг даргаас Архангай аймгийн “Хүндэт иргэн”, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн В.Адьяасүрэн багшид хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ орон нутагтаа амьдрах боломжийг бүрдүүлж, дэд бүтцэд холбогдсон хашааны газрыг шийдвэрлэх болсноо хэлжээ.
2016 онд В.Адьяасүрэн багшийн нэрэмжит Математикийн улсын 52 дугаар олимпиадыг Архангай аймагт зохион байгуулж байсан түүхтэй. Тэр үеэр гаргасан судалгаагаар улсын хэмжээний математикчдын 20,5 хувь нь буюу 5/1 нь Архангайн математикчид байдаг статистик гарч байжээ.
Нэртэй математикчдын залгамж халааг бодлогын түвшинд уламжлуулан цаашид орон нутгийн удирдлага, Математикийн багш нарын холбоо, Архангай аймгаас гаралтай математикчид хамтран хэрэгжүүлэх санал санаачилгууд энэхүү уулзалтаас гарсан байна.
Гавьяат багш Р.Бат-Эрдэнэ аймагтаа зохион байгуулдаг математикийн олимпиадыг тодорхой хугацаанд өөрийн нэрэмжит болгох, аймгийн багш, сурагчдыг байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн сургах хүсэлтээ Засаг даргад уламжилсан байна. Багш нарын санал санаачилгыг дэмжин, хамтран ажиллаж, шаардлагатай төсөв санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэхээ Засаг дарга илэрхийлжээ.
Тэрээр 2022 онд “Цахим боловсрол” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээний сургуулиудад Moodle / цахим систем/ нэвтрүүлж, смарт танхимыг тохижуулах, Багшийн хөгжил-судалгаа арга зүйн төвийн ажлыг эхлүүлэх зэрэг боловсролын салбарт хийх үйл ажиллагааны хөтөлбөрөөсөө танилцуулжээ.
Аливаа амжилт, ололтын ард багш, сурагчдаас гадна тэдний гэр бүл, аймаг орон нутгийн дэмжлэг хамтдаа явдгийг В.Адьяасүрэн, Р.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ багш нар онцлоод аймгийн Засаг дарга М.Батжаргалын хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд талархал илэрхийлж амжилт хүсчээ.
Холбоотой мэдээ