Батсүмбэрийн 160 ахмадтай асрамжийн төвд нэг их эмч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-28 10:29:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн өнгөрсөн ням гарагт Батсүмбэр дэх Улсын ахмад настны Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар асруулагч хөгшчүүлтэй уулзаж, бэлэг гардуулан тэдний болон төвийн ажилтнуудын санал бодлыг сонсож нэг өдрийг өнгөрөөв. Энэхүү үйл ажиллагааг ХНХЯ-наас зохион байгуулсан юм.

Батсүмбэр дэх Улсын ахмад настны үндэсний төв нь 1987 оны хуучин, 2017 онд ашиглалтад орсон шинэ, хоёр байртай, нийт 160 шахам ахмад асруулж, 116 ажилтан ажиллаж байна. Сувилагч, эмнэлгийн 41 хүн ажиллаж байгаагаас нэг их эмчтэй аж. Ахмадуудын биеийн байдлыг харгалзан хоёр байранд тусгаарлан хуваарилжээ. Хуучин байранд харвалт өгсөн, сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай, биеэ авч явах чадваргүй, асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүсийг байрлуулж, шинэ байранд сэтгэц, бие махбодын хувьд харьцангуй эрүүл ахмадууд асруулж байгаа гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлж байсныг газар дээр нь харав.




“Ахмад настны төвийн үйл ажиллагаанд салбар дундын оролцоог хангах нь” гэсэн үйл ажиллагаа Батсүмбэрийн төвд 2 өдөр үргэлжилж, энэ үеэр Улсын нэг болон гуравдугаар эмнэлгийн эмч нар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран асруулагч ахмадыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулав. Үзлэгийн үр дүнгийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Доржханд танилцуулсан юм.


Тэрээр “Нийт асруулагч нарын 41 хувьд нь артерийн даралт ихсэх өвчин, 60 хувьд нь тархи судасны өвчлөл, судасны хатуурал, 25 хувьд нь харвалтын дараах үлдэц байна. Энэ нь цаашид зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэл өндөр байна. Дотрын үзлэгт зонхилох хувийг архаг нойр булчирхай, элэг, ходоодны үрэвсэл эзэлж байна. Мөн насжилттай холбоотойгоор оюуны чадамж, бүтээмж буурах, сонсгол муудах эмгэг түгээмэл байгаа”-г хэлсэн юм.




Манай улсад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах төрөлжсөн асрамжийн, төрийн болон хувийн 12 газар ажиллаж, нийт 386 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд асруулж байна. Орон нутагт Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгор тусгайлсан асрамжийн төв үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлд хувийн хэвшлийн оролцоотой асрамжийн 4 төв ажиллаж байна.


Батсүмбэрийн төвд яаралтай шийдүүлүүштэй, тулгамдаж буй зүйлийн талаар төвийн дарга Л.Эрдэнэхүү УИХ-ын эмэгтэй гишүүдэд танилцуулсан. Үүнд, тус төвөөс Батсүмбэр сум хүртэлх 7.7 км шороон замыг засах тухай асуудлыг хөндөж байв. Энхэл донхол болсон тус зам нь бартаа ихтэй байдаг тул 1 цаг явдаг. Ингэснээр Асрамжийн төвд хүрэх үйлчилгээ доголдож, яаралтай тусламж шаардлагатай үед цаг алддаг байна. Мөн тус төвийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрахад зориулж орон сууц барих шаардлагатай байгааг дурдаж байв.




Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд энэ онд 2.8 тэрбум төгрөгийн төсөв суугдсан ч ажилчдын цалин, асруулагчдын хоол, байрны зардал, урсгал засвар зэрэг тогтмол зардлаас хэтрэхгүй, унаа машины үйлчилгээ зэрэг бусад зүйлд хүрэлцдэггүй байна. Дээрх асуудлыг шийдэх боломжтойг УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд хэлж, ХНХ-ын сайд А.Ариунзаяа анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрээр 2011 оноос хойш хөдлөөгүй байсан Ахмад настны төвийн асруулагчдын хоол хүнс, хувцас, зөөлөн эдлэл, энд зайлшгүй байх ёстой эм, тарианы зардлын нормативыг энэ оноос шинэчлэн хэрэглээний үнийн индекстэй уялдуулан 42 хувиар нэмэгдүүлснийг ярьж байв.




Асруулагч, өндөр настай Б.Тунгалаг ХНХ-ын сайд А.Ариунзаяаг энэ оны 4 дүгээр сард тус төвд ирэхэд, “Манай асрамжийн төвийн номын сан мянгаад номтой, би бараг уншаад дууссан, шинэ номууд хэрэгтэй байгаа тул ирүүлнэ үү” гэсэн хүсэлт тавьж байжээ. Түүний дагуу ХНХ-ын сайд ахмадуудад шинээр ном авчирч, асрамжийн төвийн шинэ байрны номын санг улам өргөжүүлэхээ амлав.

 


Асрамжийн газрыг олон улсын жишгээр Ахмадуудын хөгжлийг дэмжих төв болгож, өндөр настнууд стандартад нийцсэн үйлчилгээ аван тав тухтай амарч, асруулж хамтдаа цагаа өнгөрүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Дэлхийн жишгээр 15 хүн тутамд нийгмийн ажилтан нэг хүн үйлчилж байх норм нормативтай аж. Тэгвэл манайд нэг нийгмийн ажилтанд 53 хүн ногдож байна. Энэ нь асрамжийн төвүүдэд ажиллаж буй ажилтнуудын ажлын ачаалал их байгааг харуулж байна. Энэ хэрээр ахмадуудын хүртэх үйлчилгээ, асаргаа дутагдаж, тэдэнд үйлчлэх хүний нөөц хангалтгүй байна гэсэн үг аж. 



Холбоотой мэдээ