Шүлхийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-12-28 18:35:10

Архангай /МОНЦАМЭ/. Цахир сумын Хан-Уул багийн нутаг Загастын нарийн гэдэг газар өвөлжиж байгаа малчин М-ээс 12-р сарын 10-нд дуудлага ирж газар дээр нь очиж үзлэг хийсэн байна. Ингээд 13-нд шинжилгээний хариу ирж, малын гоц халдварт шүлхийн онош батлагдан хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Голомтын бүсийн хоёр өрхийн 517 малд шүлхийн вакцин хийсэн. Түүнээс хойш энэ голомтод дахин шүлхий илрээгүй байна.

Дараа нь сэжигтэй бүсийн 11 өрхийн 6232 толгой малд урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин хийсэн ба голомтод 2 их эмч байнга ажиллаж байгаа аж.

Мөн 12-р сарын 23-ны 17,00 цагийн үед Хан-Уул багийн малчин Б дуудлага өгчээ. Ингээд 24-ний өглөө сумын мал эмнэлгийн эмч Э.Цэвээн, Г.Батхутаг, улсын байцаагч М.Цэнд-Аюуш ажлын хэсэг үзлэг хийж, шинжилгээ авсан байна.

Ингэхэд 9 үхэр шүлс гоожсон, яр шарх гарсан, халуурсан, тагнай нь ягаарсан, шүлхий үүссэн, доголсон зэрэг шинж тэмдэгтэй байсан. Яаралтай Сумын онцгой комисс хуралдаж, Засаг даргын захирамж гарган, Хан-Уул багийн Хатуу, Томуу, Доод даваа, Ихэр, Бэлийн өвөлжөө гэсэн газруудад хэсэгчилсэн хөл хориог тогтоожээ.

Хоёр пост гарган ажиллаж байна. 1-р пост нь голомтон дотроо суурин 2 их эмчтэй, 2-р пост нь хөдөөгийн 2 багийн замын уулзвар буюу Ужгийн аманд ажиллаж байна. Постод ЗДТГ-ын ажилтан албан хаагчид ээлжлэн гарч байгаа аж.

Өвчлөл нэлээд нэмэгэдэх магадлалтай байгааг тус сумын мал эмнэлгийн улсын байцаагч М.Цэнд-Аюуш хэлж байна.

Учир нь Эргэн тойрны 4 хот айл нэг харзнаас малаа усалж, мал нь нийлж байгаа нь нөлөөлж байгаа гэнэ.

Голомтод ажиллаж байгаа эмч нарын өгсөн мэдээгээр 68 үхэр нэмж өвчилсөн, мөн голомтын ойролцоо өвөлжөөнөөс дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж үзэхэд 14 үхэр өвчилсөн байв.

Аймгийн Мал эмнэлгийн газарт шаардлагатай вакциныхаа захиалгыг өгөөд байна. Татан авалтаа хийж, 28-наас шинэ голомтын бүсэд байгаа хот айлын малд вакцин хийнэ.

Багийн дарга нартай хамтран ажиллаж, хүн ам, малын судалгаа хийж, малчдад өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага зөвлөмжийг хүргүүлсэн байна. Мөн малчдад утсаар мэдээлэл өгч  байна. Ингэхдээ нохойгоо уях, малаа хоорондоо нийлүүлэхгүй байх, голомтын бүс нутаг руу малаа бэлчээхгүй байх, байнгын хариулга маллагаатай байлгах зэрэг санамж мэдээллийг өгөөд байгаа тухай Архангай медиа группийн Цахир сум дахь сурвалжлагч Л.Ганхуяг мэдээллээ.

Холбоотой мэдээ