Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын гавилууд омгийг бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-24 13:49:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын “Гавилууд омог”-ийг бүртгэснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Нутгийн шилмэл хонины цөм болон үржлийн сүргийг үржүүлж буй цөөн хэдэн аймгийн нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сум. Тус суманд сүүлийн 10 жил хонин сүргийн тоо тогтмол өсөж, 2015 оноос нутгийн шилмэл хонийг мах, ноосны чиглэлээр сайжруулсаар цөм сүргийн хонь 8405 буюу сүргийн 35.4 хувийг эзэлж байна.



Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын “Гавилууд омог”-ийг бүртгэсэн талаар ХХААХҮЯ-ны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс тодруулсныг тус яам мэдээллээ.


 -Шинэ үүлдэр, омог батлах, бог малын ашиг шимийн үзүүлэлтийг судлахад хэр хугацаа зарцуулдаг вэ. Шинэ омгийн тухайд үзүүлэлтийг нь хэзээнээс хянаж магадлав?

Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хянах журмын дагуу хавар, намрын хянан магадлагаа хийж, цөм сүргийг үржүүлж буй Ханбогд сумын хонинд үзлэг ангилалт, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойллоо. Ашиг шим ихтэй хонины тухайд, 1949 оноос судалж, 1997 оноос илүү нугаламтай, жин ихтэй энэ хонийг аймгийн хонин сүрэгт сайжруулагчаар ашигласан. Ажлын хэсэг давхардсан тоогоор янз бүрийн нас хүйсний 3782 хонинд хавар, намрын үзлэг ангилалт хийж, амьдын жин, биеийн хэмжээ, ноос, сүүний гарц, ашиг шимийг тодорхойллоо. Мөн 80 хониноос ноосны дээж авч ширхгийн урт, голч, нийт үсэн дэх ноолуурын эзлэх хувийг тогтоосон.


-Омгийн зүсний жигдрэл, биеийн онцгой шинж их чухал байдаг. Батлагдсан омгийн зүс ямар онцлогтой, ашиг шим нь хэр вэ?

Цөм сүргийн хонины зүс нь харман, хар нүдэн, хар халзан, хар толгой, хар хүзүүтэй байгаа нь зүсний жигдрэл сайтай, үржил селекцийг шинжлэх ухааны үндэстэй явуулжээ гэж хэлж болно. Хянан магадлагааны ажлын хэсгийн хяналтын жинлэлтээр нутгийн шилмэл хонины амьдын жин нас, хүйс, улирлаас хамаараад 34-72 орчим кг байна. Барга, үзэмчин, буриад, алтанбулаг хониноос  бага жинтэй ч монгол, Говь-Алтай, сартуул, байдраг, хотонт, дархад, сутай, булган, тамир хониноос жин ахиу байгаа юм.


Махны тухайд улаан, ягаан өнгөтэй, цагаан өөхтэй, махны өөрийн өвөрмөц үнэртэй, гадны ямар нэг үнэргүй, чийг, тослог, уураг, илчлэг чанараараа стандартын хонины махтай ижил. Нутгийн шилмэл хонь нь чацархаг, сунац, цээжний заалтаар бусад үүлдэр омгоос илүү, лагс чамбай, ясархаг гэдгээрээ онцлогтой.



Холбоотой мэдээ