Шинжааны талаарх АНУ-ын хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-24 12:43:18

БЭЭЖИН./RIA Novosti/. БНХАУ Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай АНУ-ын хуулийг эрс эсэргүүцэж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохоо зогсоож, алдаагаа засахыг Вашингтонд уриалж байна гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох, тус бүс нутагт албадан хөдөлмөр эрхлүүлсэн этгээдүүдэд хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.


"Энэ хуулийн төсөл нь баримтыг үл тоомсорлож, Хятадын Шинжаан дахь хүний​​ эрхийн байдлыг санаатайгаар гутаан доромжилж, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон явдал боллоо. Хятадын тал эрс эсэргүүцэж байна" гэж тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.


“АНУ Шинжааныг зохиомол цуу яриа тараах, өдөөн хатгасан үйл явдлуудын шалтаг болгон удаа дараа ашиглаж, үнэн хэрэгтээ хүний ​​эрхийг хамгаалах нэрийдлээр улс төрийн заль мэх, эдийн засгийн хавчлага явуулж, Шинжааны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг алдагдуулан, Хятад улсын хөгжлийг хязгаарлахыг оролдож байна” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.


"Шинжааны хэрэг бол гагцхүү Хятадын дотоод хэрэг гэдгийг бид дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна. Хятадын Засгийн газар, ард түмний улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн ашиг сонирхлыг хамгаалах шийдвэр нь гуйвшгүй юм. Бид алдаагаа нэн даруй засаж, Шинжаантай холбоотой асуудлыг худал мэдээлэл тараах, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадын хөгжлийг сааруулах зорилгоор ашиглахаа зогсоохыг АНУ-д уриалж байна" гэж мэдэгдэлд нэмж дурджээ.


Түүнчлэн Хятад улс цаашид нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс шалтгаалан хариу арга хэмжээ авна гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


АНУ-ын эрх баригчид уйгуруудын талаар явуулж буй Хятадын эрх баригчдын үйл ажиллагааг “геноцид” гэж үзэж болно гэж мэдэгдсэн. Харин Хятадын эрх баригчид үүнийг эрс үгүйсгэсээр байгаа юм.


Холбоотой мэдээ