ОНЫ ТОЙМ: Иргэдийнхээ 66 хувийг вакцины бүрэн тунд хамрууллаа

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-12-27 08:43:15


Улаанбаатар /МОНЦАМЭ/.  2021 он бол Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр сорилтыг даван туулах их хүч гаргасан он болж өнгөрч байна. Монгол Улсын хувьд цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, вакцинжуулалтын явц зэрэг нь чамгүй амжилттай, үр дүнтэй яваа гэгдэж байгаа бөгөөд урьдчилан таахын аргагүй  хүнд нөхцөл байдлыг давж туулсан жил болж байна.

Манай улс 2021 оны 2 дугаар сарын 23-наас иргэдээ вакцинжуулж эхэлсэн бөгөөд хамгийн эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж байв. Цар тахлыг даван гарахад “КОВИД-19”-ийн  вакцинаас өөр аргыг дэлхий нийтээр олоогүй энэ үед ард иргэдээ дархлаажуулахад чармайлт гаргасны дүнд одоогоор хүн амынхаа 70 орчим хувийг нэгдүгээр тунд, 67 орчим хувийг хоёрдугаар тунд, харин нэмэлт тунд 28 хувийг нь  хамруулаад байгаа юм.  Энэ нь дэлхийн дархлаажуулалтын дунджаас дээгүүр үзүүлэлт болж байна.




Вакцинжуулалтыг эхний ээлжинд хариу арга хэмжээний буюу гүйцэтгэх байгууллагынхан, хоёрдугаар ээлжинд үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар, дараа нь худалдаа үйлчилгээний болон боловсролын салбарынхан гэх маягаар тодорхой эрэмбэ дараатай эхлүүлж байлаа.


Эдийн засгаа нээлттэй байлгахын тулд юун түрүүнд вакцинжуулалтыг тасралтгүй явуулах, вакцин худалдан авахад санхүүжилтийн саатал гаргахгүйн тулд Засгийн Газар хүчээ дайчилсан.  Ингээд манай улс вакцинжуулалтыг эхлүүлсэн орнуудаас иргэдээ дархлаажуулах явцаараа маш өндөр үзүүлэлттэй явж ирэв.

Эрүүл мэндийн салбарын хувьд “Covid-19” халдварын үед ашиглахаар бэлдсэн нөөцийн  ор дүүрч, нэмэлт ор хэд хэдэн мянгаар нь нэмж дэлгэсэн ч бүх шатны эмнэлэг сувилал ачааллаа дийлэхгүйд хүрч байлаа. Ийм хүнд үед хүч шавхан ажиллахын зэрэгцээ вакцинжуулалтад ч ихээхэн анхаарал хандуулж байв.


Одоо ковидын үеийн нөхцлөөс шалтгаалан хаасан хаалгуудаа нээж энгийн амьдралд шилжин, эдийн засгаа сэргээх алхмуудыг хийж байна. 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж эхлэх Засгийн Газрын шийдвэр гарч, мөн гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, үйл ажиллагааг хэвийн болгов. Энэ бүхэнд хамгийн гол нь вакцинжуулалтаа чамлахааргүй түвшинд хүртэл хийсэн явдал түлхэц болсон. Олон хүнтэй байгууллагуудад явуулын баг гарган нэмэлт тунг хийхээс гадна өндөр настнуудад гэрт нь очиж вакцин хийх ажлыг ч зохион байгуулж байна. Мөн төрийн албан хаагчдад гуравдугаар тун заавал хийлгэхийг шаардах, нэмэлт тун хийлгээгүй иргэдэд зарим үйлчилгээг үзүүлэхгүй гэх мэтээр зохицуулалтыг хийж байна.


Вакцины эсрэг суртал ухуулга маш их, иргэд олон нийтийн дунд эргэлзээ тээнэгэлзэл газар авсан үед вакцинжуулалтыг эхлүүлж, иргэддээ вакцины үр нөлөөг таниулан ойлгуулах ажлыг ч чармайлт гарган хийж байв.  Дэлхийн улс орнууд иргэдээ вакцинд аль болох түлхүү хамруулахыг хичээж байгаагийн зэрэгцээ бага буурай орнууд вакцин худалдан авч чадахгүй тохиолдол одоо ч байна. Харин манайд хэд хэдэн сонголттойгоор иргэдээ вакцинжуулж, аль болох хаалт хязгаарлалт, хөл хориогүйгээр цар тахлын үеийг давах харьцангуй чөлөөт гэж хэлж болох бодлого хэрэгжиж байгаа нь эдийн засгийн болоод бусад талаас үр дүнгээ өгч буй. 


Цаг үеийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, цаг алдалгүй хилийн хөдөлгөөнөө хаах, анхаарал сэрэмжээ маш өндөр болгон дотоодын хяналтыг дээшлүүлэх гэх мэтээр зохион байгуулалтыг олон талын судалгаан дээр үндэслэн боломжийн хэмжээнд хийж байлаа. Мөн ард иргэдийн сахилга баттай байдал үүнд чухал нөлөө үзүүлснийг дурдах хэрэгтэй. Хүнд байдлыг даван туулахад, эдийн засгаа дахин хаалттай болгохгүйн тулд иргэдийн сахилга хариуцлага ихээхэн чухал гэдгийг Ерөнхий сайд уриалан сануулсаар байсан юм.

2020 онд зургаан хувийн алдагдал хүлээсэн эдийн засаг 2021 онд дахин сэргэж  2019 оны түвшинд хүрэхэд хатуу хөл хорионоос татгалзах, вакцинжуулалтад хүч тавих, эдийн засгийг сэргээх цаг үеийн чухал шийдвэрүүд ихээхэн түлхэц болсон. Таашгүй нөхцөл байдал дунд зөв оновчтой, алдаа эрсдэлгүй шийдвэр гаргахад эдийн засгийн болоод улс төрийн хувьд ч ихээхэн төвөгтэй байсан нь тодорхой.




Хэд хэдэн удаагийн хатуу хөл хорионы эцэст өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийг  сулруулж, Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа  дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсэн нь сайн нөлөөгөө үзүүлсэн. Монгол Улсад коронавирусийн халдварын эрсдлийн түвшин “Маш өндөр” гэж тархвар судлаачид, мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн хэдий ч хатуу хөл хорионоос татгалзаж байв. Цар тахлын үеийг хөл хорих замаар биш, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулах замаар даван туулах нь Засгийн Газрын баримталсан гол чиглэл байлаа. Энэ нь эдийн засгийн хүнд сорилтыг амсаж байгаа бүх шатны байгууллагуудад дэмжлэг болсон юм.


Иргэдийн вакцинд хандах хандлага ихээхэн ярвигтай байсан хэдий ч дархлаажуулалтыг богино хугацаанд хийж хэрэгжүүлснээр эдийн засаг болоод эрүүл мэндээ хамгаалах алхам болно гэж Засгийн Газрын зүгээс үзэж шаардлагатай бүхнийг хийж хэрэгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Гурав дахь удаагийн хатуу хөл хорионы үеэр өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг өндөр зохион байгуулалт дор амжилттай хийж байв.




Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэдийг бүрэн дархлаажуулахын тулд нийслэлийн бүсэд орон нутгийн эмнэлгийн эмч, ажилтнууд, машин техникийг ч мөн дайчлан хүчээ шавхаж ажилласны дүнд одоо хүн амынхаа 70 орчим хувийг дархлаажуулаад байна. Мөн ДЭМБ болон түүний түнш байгууллагуудын зүгээс Монгол улсад энэ талын дэмжлэгийг бүх түвшинд үзүүлж ирсэн юм. Тухайлбал КОВАКС олон улсын хөтөлбөрт хамрагдах, эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, зорилтот бүлгийг тодорхойлох, вакцин хадгалалт хамгаалалтын горимд хяналт тавих, бэлэн байдлыг хангах зэрэгт дэмжиж ажиллажээ. Таашгүй нөхцөл байдалтай хүнд цаг үед дархлаажуулалтын  туршлага дээрээ үндэслэн вакцинжуулах ажлыг зорилтынхоо түвшинд явуулж чадсан гэж дүгнэж болохоор байгаа юм.



 

Холбоотой мэдээ