Н.Төгөлдөрчимэг: 150 хүүхдээс судалгаа авахад 10 гаруй хүүхэд сэтгэл гутралтай оношлогдсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-21 22:13:34

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэлзүйч Н.Төгөлдөрчимэгтэй ярилцлаа.


-Саяхан Зуунмод сумын сургуулиудаас сэтгэлзүйн сорил авч байсан та үүнийхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Зуунмод сумын хэмжээнд байрлах 3 сургуулийн нийт 150 хүүхдээс “Сэтгэл гутралын судалгаа” авсан ба үүнээс 10 гаруй хүүхэд сэтгэл гутралын түвшин өндөр гарсан. Иймд эдгээр хүүхдүүдийг оролцуулсан, мөн өөрсдийнх нь сонирхлыг харгалзан нийт 60 хүүхдэд “Сэтгэл гутралаас урьдчилсан сэргийлэх болон Стрессийг даван туулах арга” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. 

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн талаар?

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог нь өөрөө их онцгой. Хүүхэд байх үеэс насанд хүрэгч болох үеийн шилжих завсарт байгаа гэж ойлгож болно. Хүүхдүүдэд өөрийгөө ойлгуулах, бусадтай ярилцах гэх мэт хэрэгцээний дутагдалтай талууд маш их байдаг. Өсвөр насанд бие физиологийн хувьд л өөрчлөлт ордог гэж эрүүл мэндийн хичээл дээр үздэг хэдий ч сэтгэлзүйн хувьд асар их өөрчлөлт ордог талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй. Энэ нөгөө талдаа асар их хортой байдлыг үүсгэнэ. 

-Ихэвчлэн ямар шалтгааны улмаас сэтгэлзүйн хямралд орж байна вэ?

-Нэгдүгээрт гэр бүлийн харилцаа байна. Энэ нь хүүхдүүд томрох тусам эцэг, эхийн хараа хяналт суларч, ярилцах нь багасч байгаа нь нэг талдаа хайргүй гэж бодох, эсвэл өөрийгөө хэрэггүй хүн гэдгээр мэдрэх гэх мэт сөрөг талтай. Мөн өсвөр насны хүүхдийн дэргэд хориотой үг ашиглах, хорт зуршлыг бий болгох, маргах зэрэг сөрөг зүйлсийг харуулах нь сэтгэлзүйн хувьд цочролд оруулж байдаг. Хоёрдугаарт  үе тэнгийн хүүхдийн хоорондын харилцаа байдаг. Үүнд анги болон сургуулийн орчинд эзэлж буй өөрийнх нь нэр хүндийн байдал, ялгаварлан гадуурхалт зэргээс үүдэлтэй юм. Гуравдугаарт үерхэл нөхөрлөл, найз нөхдийн харилцаа түүний зөрчил маргаанаас үүдэлтэйгээр сэтгэлзүйн хүнд болон хөнгөн хэлбэрийн хямралд байнга өртөж байдаг. Иймд мэргэжлийн хүнээс зөвлөгөө мэдээлэл авах нь хамгийн чухал юм.

-Сэтгэлзүйн хямралд өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ? 

-Эхлээд сэтгэл гутрал уу, стресс үү гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Дийлэнх өсвөр насны хүүхдүүдийн дунд өөртөө итгэх итгэлгүй болох мэдрэмж бий болж, хэн нэгэнд сэтгэлээ уудлахаас эмээх зэрэг үйлдлүүд гардаг. Хүүхэд энэ үедээ найз нөхдийнхөө үгэнд итгэх тохиолдол элбэг байдаг учраас анхаарал халамжтай байна гэх нэрийдлээр хорих биш ярилцаж ойлголцох нь чухал. Хэрэв ингэж чадахгүй тохиолдолд хүүхэд өөрийгөө голох, амьдрах хүсэлгүй болох гэх мэт сөрөг бодлыг тээнэ. Иймд энэ үед нь эцэг, эх, найз нөхдөөс илүү мэргэжлийн хүнд хандаж оношлуулах нь зөв байдаг.

-Мэргэжлийн хүний нөөц аймагт маш бага байдаг шүү дээ? 

-Тийм ээ. Төв аймагт 27 сум байдаг хэдий ч 3 сэтгэлзүйч л байдаг. Мэдээж бүх хүнд хүрэлцэхгүй боловч өөрт ойр байгаа мэргэжлийн хүмүүстэй уулзаж сурч байгаад баяртай байна. Өнөөдрийн байдлаар мэргэжил сонголтдоо эргэлзсэн 6 сурагч үйлчлүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох сорилыг бөглөсөн. Зарим хүүхдүүд эцэг, эхийнхээ үгэнд орох, эсвэл найз нөхдийнхөө сонгосон мэргэжлийг сонгох явдал их байдаг. Мэргэжил сонголт нь өөрөө маш том асуудал юм. Сэтгэлзүйч нь алхам болоод шийдвэр гаргадаг хүн биш харин асуудалд анализ хийж дүгнэлтийг гаргаж санал болгодог хүн бөгөөд үйлчлүүлэгч өөрөө шийдвэр гаргадаг учраас мэргэжлийн хүнд хандах нь зөв юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ