Борнуур суманд Олон улсын зэрэглэл бүхий цанын бааз байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-16 18:02:42
Төв /МОНЦАМЭ/ Борнуур сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох “Шарын ам” хэмээх газарт байрлалтай 156,2995 га талбайд байгуулахаар болжээ. Монголын цанын холбооноос Төв аймгийн Борнуур суманд судалгаа явуулсны үндсэн дээр олон улсын зэрэглэл бүхий цанын бааз барих төлөвлөгөө боловсруулж, зураг төслийг гарган сонгон шалгаруулалтад орж, сумын ИТХ-ын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж байснаар сумын Засаг даргын 2021 оны А/280 тоот захирамжийн дагуу газрын асуудал шийдэгдсэн байна.
Монгол Улсад одоогоор гүйлтийн цанын олон улсын зэрэглэлийн бааз байхгүй бөгөөд энэхүү байгууламж барьснаар өвлийн олимпод бэлтгэх, үндэсний болон олон улсын тэмцээн, наадмыг зохион байгуулах, өндөр уулын бүсэд бэлтгэл хийх бололцоо бүрдэх юм.
Борнуур сумын “Шарын ам” нь нийслэлээс 100 км зайтай, байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ойгоор хүрээлэгдсэн, Улаанбаатар-Дарханы авто замаас холгүй, цахилгааны шугамд ойрхон байрлалтай, нийслэлийн ойр орчмын газруудаас хамгийн их цас унадаг газар гэдгээрээ онцлогтой ажээ
Мөн Монгол Улсын гавьяат багш Д.Ичинхорлоо нь тус сумаас олон зуун цанын спортын тамирчдыг бэлтгэн, спортын болон дэд мастер зэрэгтэй 100 орчим тамирчдыг бэлтгэсэн бөгөөд шавь нараас нь гурван тамирчин цанын спортын төрлөөр өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан нь Борнуур сумын бахархал болдог учир сумын иргэд ч энэхүү олон улсын цанын баазыг нутаг дэвсгэртээ байгуулахыг дэмжиж байсан нь энэхүү шийдвэрийг гарахад түлхэц болж өгсөн хэмээн албаныхан мэдээллээ.
Холбоотой мэдээ