Б.Анхболд: Инвескорын амжилт Монголын олон компани гадаадын тавцанд гарах гишгүүр нь болж чадна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
naranmandukhai@montsame.gov.mn
2022-01-11 15:13:58

~ Монгол Улс, Япон Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулав ~

“Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” цуврал IV

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран “Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр шинэ контент санаачлан хоёр орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй  залуу бизнес эрхлэгчдийг танилцуулж байгаа билээ.

Оны эхний дугаарт санхүү, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй “Инвескор” компаний ТУЗ-ийн дарга Баянмөнхийн Анхболд болон Элчин сайд Кобаяши Хироюки нарын ярилцсаныг хүргэж байна.

Рицүмэйкан Ази Номхон Далайн Их сургуулийн  анхны төгсөгч тэрбээр бусдын соёлоос суралцсан туршлага маань өнөөдрийн бизнесийн амжилтын үндэс хэмээн бахархан ярина. Ажилтан бол байгууллагын хамгийн чухал нөөц гэх боловсон хүчний бодлого баримтлах тус компани нь Төв Азийн орнуудад санхүү, финтекийн бизнесээ өргөжүүлэн тэлэхэд анхааран ажиллаж байна.


Элчин сайд Х.Кобаяши: Захирал та 2000 онд Рицүмэйкан Ази Номхон Далайн Их сургуулийн (APU)  анхны элсэгч нь болж төгссөн. Монголын сургууль ч бус, дэлхийн олон их сургуулийн дундаас Японы “APU”-д хэрхэн яаж элсэн орсон бэ?

Б.Анхболд: Монгол улсад ардчилал өрнөж байсан хүнд хэцүү үед өсвөр насаа өнгөрүүлж байхдаа Морита Акио, Мацүшита Коносүкэ, Хонда Соичиро зэрэг алдарт бизнес эрхлэгч нарын номтой танилцах боломж олдсон тэр мөчөөс Япон орон руу тэмүүлэх болсон билээ. Тухайн үед манай ерөнхий боловсрол 10 жилийн системтэй байсан тул Японы их сургуульд орохын тулд дотоодын их сургуульд 2 жил суралцах шаардлагатай байв. Ингээд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд элсэн орж, яг 2-р курст байхад “Рицүмэйкан APU” Олон Улсын Их Сургууль болон шинээр байгуулагдаж байгааг санаандгүй олж мэдсэн. Рицүмэйкан сургууль бол англи хэлний боловсролын системийг нэвтрүүлж, япон хэлний мэдлэггүй ч элсэн орох боломжтой, мөн дэлхийн 70 гаруй орны гадаад оюутнуудтай хамт суралцах боломжтой нь миний сонирхлыг татаж, тус сургуульд суралцахаар шийдсэн юм.


Эргээд бодоход, орон орны оюутан, багш нартай харилцаж, тэдгээрээр дамжуулан бусад улсын соёлтой танилцсан маань одоогийн бизнест зайлшгүй шаардлагатай өргөн цар хүрээнд алсыг харахад сургасан гэж боддог. 





Элчин сайд Х.Кобаяши: Их сургуулиа төгссөний дараа Японтой ямар харилцаа, холбоотой байв?

Б.Анхболд: Их сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн тус их сургуулийн магистрантурыг дүүргэсний дараа “ABeam Consulting” хэмээх Японы консалтингийн компанид 6 жил хагас ажилласан. Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэст харьяалагдан, өндөр технологийн үйлдвэрлэл, гоо сайхны үйлдвэрлэл, Европын электрон бүтээгдэхүүн борлуулах компани, Австралийн ложистик компани гэх зэрэг янз бүрийн богино хугацааны төслүүд дээр ажиллан, туршлага хуримтлуулсан. Эхэндээ 5 жилийн хугацаатай ажиллаад, Монголдоо буцаж ирэн бизнес эрхлэх бодолтой байсан ч, хариуцсан төслөө дуусгахын тулд нутаг буцахаа түр хойшлуулан дахин 1 жил ажилласан. 2012 онд нутагтаа  ирсний дараа, сайд тантай ярилцлага хийсэн эхнэр Ц.Ууганцэцэгийн хамтаар “Daiso”, “Pigeon”, “Goon” гэх зэрэг Японы брэндүүдийг Монголд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх бизнест хамтран ажиллалаа. Тэгээд эртнээс сэтгэлдээ тээж явсан санаагаа хэрэгжүүлэхийн тулд дотны найзтайгаа хамт Инвескор компанийг 2016 онд байгуулан, Японы хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт авч бизнесээ өргөжүүлсэн билээ.


Элчин сайд Х.Кобаяши: Өнөөг хүртэл Японы нийгэм болоод соёлын талаар мэдэрсэн хамгийн сэтгэл хөдөлгөм түүхээс хуваалцана уу. Монголд санаа авч хэрэгжүүлмээр зүйлс байгаа болов уу?

Б.Анхболд:

Олон зүйлийн дотроос хамгийн чухал нь хариуцлага, харилцагчдаа сэтгэл гарган хандах харилцаа юм.


Энэ харилцаа сүүлийн үед Монголд улам бүр нимгэрсээр байгаа  мэт санагддаг. Ойта мужид миний ачит хүн болох Ёичиро Ока гуай амьдардаг. Тэр зөвхөн намайг гэлтгүй, монгол оюутнуудад санаа тавьж тусалж дэмждэг билээ. Ока гуайгаас олон зүйлийг суралцсанаас хамгийн сэтгэлд үлдсэн нэгэн явдлаа яримаар байна. Нэг удаа манай доод ангийн оюутан сургалтын төлбөрөө төлж чадалгүй 150 мянган иений дэмжлэг хүслээ. Тэгээд 50 мянган иен арайхийн болгосон ч, үлдсэн 100 мянган иенийг яаж олохоо мэдэхгүй байсан тул Ока гуайгаас зээлье гэж бодлоо.

Ока гуай Кюүшюүд газрын тосны компанитай, олон олон монголчуудад багагүй мөнгөөр тусалсаар ирсэн сайхан сэтгэлтэй хүн. Тэгээд Ока гуайн гэрт нь очиж гуйсанд тухайн үед 2-р курсийн оюутан байсан надад санаанд оромгүй хариу өглөө. Тэр юу вэ гэвэл, нөгөө доод ангийн оюутны сарын орлого, зарлагыг нарийн тооцож гаргасан эргэн төлөлтийн төлөвлөгөө гаргаад,  намайг батлан даагчаар өөрийн гарын үсэгтэй өргөдөл бич гэв. Маргааш нь “excel” программ ашиглан тооцож бодсон эргэн төлөлтийн төлөвлөгөө, батлан даалтын бичигт өөрийн гарын үсгээ зураад Ока гуай руу барьж очтол, татвар тооцоолон бодох арга зэрэг төгс төлөвлөгөө боловсруулах хүртлээ хэдэн ч удаа засуулсан. Тэгээд эцэст нь Ока гуай яг 150 мянган иенийг халааснаасаа гаргаж өгсөн юм даа. Мэдээж доод ангийн оюутан маань ч цагийн ажил шаргуу хийж, амласан ёсоороо буцаан төлж дуусгасан. Ока гуайн хувьд 150 мянган иен бол халаасны  мөнгө  төдийхөн  боловч, бид хоёрын хувьд зээлийн ач холбогдол хийгээд, хүнийг танилцуулах үеийн хариуцлагыг хатуу аргаар ухамсарлуулан зааж өгсөн явдал юм. Энэ нь өөрөө нөгөө хүндээ хандах чин сэтгэлийн илэрхийлэл бөгөөд үүнд би одоо ч талархаж явдаг.


Б.Анхболд: Элчин сайд та Монголд социалист нийгмийн үеийн 1985 оноос хойш гурван ч удаа томилогдон ажиллаж байсан болохоор Монголын өөрчлөлтийг ойроос харж байгаа болов уу. Энэ хугацаанд манай улсын алдсан хийгээд оносон зүйл нь юу бол оо?

Элчин сайд Х.Кобаяши: Би та бүхэнд их хэлдэг нэг зүйл бий. Өнөөгийн Монголд шийдэх асуудал нэлээдгүй байна. Харин 1985 оноос 4 жил гаруй амьдарч байсан Монгол оронтой харьцуулахад, одоогийн Монгол бол диваажингийн орон шиг санагдаж байна. Социализмын үеийн болоод эрх чөлөөт ардчилсан нийгмийн үнэт зүйлс ялгаатай байдаг тул энгийн харьцуулалт хийх боломжгүй байж болох ч, өнөөдөр Монголд үзэл бодол хийгээд түүнийг илэрхийлэх эрх чөлөө, үйл хөдлөлийн эрх чөлөө нь хааяадаа хэтийдээд байх шиг санагддаг. Энэ нь социализмын үеийнхээс асар их ялгаатай. Нөгөөтээгүүр, зөвхөн Монголд төдийгүй эрх чөлөөг дагаж хариуцлага ирдэг гэдгийг орхигдуулаад байгааг онцлон хэлмээр байна.


Элчин сайд Х.Кобаяши: Компаниа байгуулахад тулгарсан саад бэрхшээл тулгарч байв уу. Ер нь Инвескор компанийг хэрхэн байгуулсан бэ? 

Б.Анхболд: Инвескор компанийг хамт үүсгэн байгуулсан дотны найзууд маань бүгдээрээ санхүүгийн мэдлэгтэй. Монголын санхүүгийн салбарт банкны салбар сайн хөгжсөн боловч бусад салбарын менежмент, хүний нөөц, технологи гээд бүхий л талаар банкны салбараасаа хоцрогдсон байдалтай байлаа. Тиймээс бид үнэт цаас, банк бус санхүүгийн үйлчилгээ гэсэн санхүүгийн салбарыг мэдээллийн технологийн тусламжтайгаар боловсронгуй болгож, хэрэглэгчдэд урьд өмнө байгаагүй бүтээгдэхүүн нийлүүлэх чинхүү хүсэлтэй байв. Гэвч яалт ч үгүй чадварлаг хүний нөөц олох асуудалтай тулгарлаа. Чадварлаг, шилдэг ажилтан ихэвчлэн тогтвортой үйл ажиллагаатай, сайн компанид ажилладаг. Тийм сайн компаниас гарч, венчур компанид орж ажиллах хүн барагтаа бол олдохгүй. Инвескорын үүсгэн байгуулагчид чадварлаг хүний нөөцийг хайн, арай гэж олж аван, тэдгээр хүмүүстээ өөрсдийн бизнесийн алсын харааг  бүхий л чадлаараа сайтар тайлбарлан ойлгуулсны эцэст тэд маань ажлаа солих шийдвэрт хүрч байсан юм. Тэр үеийн бэрхшээл нь хүнийг хамгийн их чухалчилж үздэг өнөөдрийн манай байгууллагын соёлтой салшгүй холбоотой.


Элчин сайд Х.Кобаяши: Одоо танай компани янз бүрийн зээлийн үйлчилгээнээс гадна, коронагийн үед ч бизнесээ идэвхтэй тэлж байна.  Танай компани үйл ажиллагааныхаа туршлагадаа тулгуурлан Монголын нийгэм, эдийн засгийн ирээдүйн төлөв болон хүлээлтийн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

Б.Анхболд: Монголын эдийн засгийг  5 төрлийн газар доорх  байгалийн баялаг (нүүрс, зэс, ган, алт, цайр) бүрдүүлдэг гэж хэлэхэд хилстэхгүй биз ээ. Мөн ложистикийн хувьд ч ганц Хятад улстай харилцаж, экспорт, импортын ихэнх нь энэ улсаас хамааралтай байна. Дотоодын зах зээл жижиг учраас Монголд том хэмжээний бизнес хийхэд хүндрэлтэй. Эдгээр хүчин зүйлүүдийг харгалзан Монголын эдийн засгийн цаашдын тэлэлтийг харвал, мэдээлэл технологийн бүтээгдэхүүн зэрэг хуурай газрын  зам тээврээс үл хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорт болон гадаадын зах зээл лүү орон хөрөнгө оруулалтыг хамгийн чухал гэж үзэж байна.

Өнөөдөр Инвескор компани нь санхүү болон финтекийн бизнесийг Төв Азийн орнууд руу чиглүүлэн өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хүмүүсийн сэтгэхүй, соёл, эдийн засаг болон хууль эрх зүйн орчин гэх мэт Монголтой харьцангуй ойр эдгээр оронд Монголын компани болох Инвескорт бизнесээ өргөжүүлэхэд давуу талууд харьцангуй их гэж үзэж байгаа. Инвескорын амжилт Монголын олон компани гадаадын тавцанд гарах гишгүүр нь болж чадна гэдэгт итгэлтэй байна.

 


Элчин сайд Х.Кобаяши: Японы элчин сайдын яамны байраас танай компанийн барьсан орон сууц харагддаг юм. Улаанбаатар хотод хэдийн олон орон сууц баригдсан, одоо ч баригдаж байгаа орон сууцуудаас угсралт, менежментийн тал дээр танай компани ямар стратеги баримталдаг вэ?

Б.Анхболд: Японы үл хөдлөх хөрөнгийн менежментийн систем, үйлчилгээг Монголд нэвтрүүлэхийг хүсдэг. Монголын барилгын технологи болон ноу-хау өдрөөс өдөрт хөгжиж байна. Гэсэн хэдий ч, борлуулалтын дараах үл хөдлөх хөрөнгийн менежмент сайнгүйгээс болоод хуучин үл хөдлөх хөрөнгийн үнэ  нэлээн уначихдаг. Тиймээс бид үл хөдлөх хөрөнгийн зөв менежменттэй, үйлчилгээтэй орон сууцны хороолол барьж, хөрөнгө оруулагчдад худалдаж авах, түрээслүүлэх, менежментийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Цаашид ч энэ чиглэлээр үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесийг өргөжүүлэн бэхжүүлнэ.


Элчин сайд Х.Кобаяши: Танай компанийн цаашдын зорилго юу вэ?

Б.Анхболд: Дээр дурдсанчлан Монголын зах зээлд үр дүнгээ өгсөн бүтээгдэхүүн, бизнесийн загваруудаа Төв Азийн зах зээлд гаргах нь бидний ойрын зорилго юм. Гадагшаагаа чиглэснээр бид болон манай ажилчид ч  ахисан нэг шатаар сэтгэж, өсөж дэвшинэ гэдэгт итгэлтэй байна.

Санхүүгийн салбарын нэг онцлог нь тухайн улсын эдийн засаг, зах зээлийн талаарх үнэн бодитой мэдээллийг амархан цуглуулах давуу талтай. Үүнийгээ ашиглан дараа дараагийн монгол компани хийгээд, япон компани хоорондын холбогчийн үүргийг гүйцэтгэх бодолтой байна.


Б.Анхболд: Сайд та Монгол, Японы эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа санагддаг. Эдийн засгийн харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд юу хамгийн чухал вэ?

Элчин сайд Х.Кобаяши: Япон, Монгол хоёр улс өөр өөрийн улс орноо хөгжүүлэхийн сацуу, хоёр орны хоорондын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна. Тэгэхийн тулд одоогоор хамгийн чухал нь Японоос Монгол руу хөрөнгө оруулалт татах явдал юм. Тухайлбал, Японы хөрөнгө оруулалтаар Монголд үйлдвэр баривал нэгт, монгол хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэх.

Хоёрт, монгол ажилчид үйлдвэрийн технологи, менежментэд суралцах. Гуравт, үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, үйлчилгээ нийлүүлдэг монгол компаниудад ашиг авчрах.  Дөрөвт, үйлдвэрүүд татвар төлснөөр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэхэд тустай. Харин "Та хөрөнгө оруулна уу" гээд зүгээр нэг уриалах төдий дуудвал хөрөнгө оруулалт бодит биеллээ олох боломжгүй. Хөрөнгө оруулагчид ашгаа өгөх боломжтой зүйлд л хөрөнгө оруулдаг зарчимтай тул Монгол Улс өөрөө хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улс бусад оронтой хөрөнгө оруулалтаар өрсөлдөж байгаа гэдгээ сайтар ухаараасай гэж бодож байна.

Монголд үйлдвэр барья гэхэд үйлдвэрийн талбай руу орох зам, цэвэр бохирын шугам, цахилгаан зэрэг суурь дэд бүтэц хөгжөөгүйн улмаас  өөрсдөөсөө зардлаа гаргахаас өөр аргагүй байдал үүсдэг тул хөрөнгө оруулагчдад асар их дарамт болдог. Намайг 2018-2019 онд АНУ-ын Нэшвилл хотод Япон Улсын Ерөнхий консулаар ажиллаж байхад харьяа тойргийн таван муж (Арканзас, Кентакки, Луизиана, Миссисипи, Теннесси) -ийн эдийн засгийн хөгжлийн газрууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нь нүдэнд тусаж билээ. Үйлдвэрийн талбай хүртэлх дэд бүтэц (зам, цэвэр бохир ус, цахилгааны утас гэх мэт) нь бэлэн болсон үйлдвэрийн талбайг танилцуулан бэлдэж, үйлдвэр ашиглалтад орсноос хойш тодорхой хугацаанд орлогын албан татварыг бууруулах зэрэг урамшууллыг санал болгож өрсөлдөж байсан. Үйлдвэрийн байршлын хувьд орчин нөхцөл тааруу муж бол татварын таатай нөхцөл бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулалт татах боломжгүй.


Би япончуудад хандан Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс  хойш 30 жил сууриа тавиад хөгжлийн дараагийн шатандаа орсон,  мөн шилдэг хүний нөөц улам нэмэгдэж байгаа гэх зэргээр таниулан, яг одоо л  хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе хэмээн уриалан дуудаж байна. Нөгөөтээгүүр та бүхэнд хандаж хэлэхэд, бусад орны туршлагыг судлан, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд орчин нөхцөлөө сайжруулан боловсронгуй болгохыг хүсэж байна.



Элчин сайд Х.Кобаяши: Японд суралцаж байсан хүний хувьд ирээдүйд тэнд суралцахыг зорьж буй залууст хандаж юу хэлмээр байна вэ?

Б.Анхболд: Япон орон, Японы ард түмнээс суралцах зүйл  маш олон. Ямар ч зүйлд нухацтай, эерэг хандлагатай байж чадах аваас Японд хувь хүнийг маш сайн хөгжүүлэх  орчинг бүрдүүлсэн байдаг.  

Хамгийн эхний зөвлөгөө бол Япон явах зорилгоо нухацтай бодон түүнд хүрэх замаа зурах явдал юм. Зорилго нь тодорхойгүй бол дараагийн үйлдлүүд ч бүдгэрэх болно. Хоёрт, Японы түүх, соёл, зан заншлыг сайн судалж, харилцагчийнхаа үг, үйл хөдлөлийг ойлгохыг оролдох явдал юм. Бусдын үг, үйлдлийг өөрийн үнэлэмжээр дүгнэх, зөрчил үүсгэхээсээ өмнө нөгөө хүнээ ойлгохыг хичээдэг зуршлыг бий болговол богино хугацаанд олон найз нөхөдтэй болж, амжилттай суралцах боломжтой болно.


Б.Анхболд: Компанийн хөдөлгөгч хүч бол шилдэг хүний ​​нөөц гэж бодож байна.  Монгол Улсын боловсрол, хүний нөөцийн хөгжилд Японы Засгийн газар олон жилийн турш дэмжлэг үзүүлж ирсэн. Монгол Улсын боловсролын системд сайжруулмаар зүйл байна уу?

Элчин сайд Х.Кобаяши: Монголын ахлах ангийн олон хүүхдүүд математик, физик зэрэг олимпиадад өндөр амжилт үзүүлж байна. Эдгээр хүүхэд Монголдоо ямар боловсрол эзэмшиж байгаа нь миний сонирхлыг ихэд татдаг. Ер нь монгол хүүхдүүд оюуны потенцал өндөртэй ч, эзэмшсэн мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх боломж нь сургуулийн боловсролын түвшинд хангалтгүй юм шиг санагддаг. Тухайлбал, сургалтын хөтөлбөрт биологи, шинжлэх ухаан, физикийн туршилт, технологийн сургалтын лаборатори, гар урлал, хоол гэх зэрэг туршлагажих боломжийг нэмэгдүүлэх нь хүүхдийн урам зоригийг өдөөж өгдөг.

Хичээлийн хоёр ээлжийн тогтолцоо, гурван ээлжийн тогтолцоотой байгаа цагт хүүхдүүдэд хичээл заах боломж хомс гэж боддог ч, Японы сургуулиудад хэрэгждэг хичээлийн дараах дугуйлан, секцийн тогтолцоог нутагшуулбал Монголын ирээдүй болсон хойч үед тустай мэт санагддаг.


Миний өссөн үе одоо үеэс нэлээдгүй ялгаатай. Хувь хүний бодлын минь тухайд бол, эрүүл мэндийн талаарх мэдлэг боловсролоо ахиулах, мэдээлэл технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь чухал сэдвийн нэг гэж бодож байна.  


Б.Анхболд: Хэрэв танд дэлхийн аль нэг компаниас нэгийг нь сонгоод, тэр компанидаа захирлаар нэг сар ажиллах боломж гарвал ямар компани сонгох вэ?

Элчин сайд Х.Кобаяши: Миний сонирхлыг татдаг маш олон компани байдаг ч, эдгээр компанийн захирлын ажлыг хийхээс илүүтэйгээр, шинэ венчур компани байгуулж сорьж үзэхийг хүсэж байна. Соьиж үзмээр газар бол мэдээжийн хэрэг Монгол улс юм.


 

 

Холбоотой мэдээ