Архангай аймаг 20 сая модыг 2030 он хүртэл үе шаттайгаар тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-09 12:39:19

Архангай /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Архангай аймаг нэгдэж 20 сая модыг 2030 он хүртэл үе шаттайгаар тарихаар Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан.

Өнөөдөр Архангай аймгийн БОАЖГ-аас “Байгаль орчны өдөр” нэгдсэн үйл ажиллагааг “Ойн салбарын зөвлөгөөн”, “Хог хаягдлын менежмент” гэсэн хоёр бүрэлдэхүүн хуралтайгаар зохион байгуулж байна. 

Ойн салбарын зөвлөгөөнөөс 20 сая мод тарих ажлын төлөвлөгөө, хөрс усны судалгаа, арчлалт хамгаалалтын зөвлөмж зэрэг бодлогын бичиг баримтууд гарах юм.

Энэхүү үйл ажиллагаанд урилгаар БОАЖЯ-ны Ойн судалгаа хөгжлийн төвийн албаны дарга Х.Мичид, ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ойн нөөц, ой хамгааллын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Г.Батсайхан, ХААИС-ийн Аргоэкологийн сургуулийн Таримал судлал, ой ландшафт архитектурын тэнхимийн багш, докторант Г.Мөнхбат, “Ногоон ази" ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, Төслийн ахлах инженер Б.Хонгорзул, 19 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож байна.


Холбоотой мэдээ