МАСАМ II төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-12-06 17:13:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл нь 2020-2023 онд хэрэгжих аж. Төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн (GPSA) санхүүжүүлжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа ажээ.

Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр  Глоб Интернэшнл төв, Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Монгол дахь Японы Хүүхдийг ивээх сан ажиллаж байна. Энэ хүрээнд Глоб Интернэшнл төв ТББ-ын төслийн баг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллахаар ирээд байна.

Өнөөдөр тус төслийн баг Сэлэнгэ аймгийн төрийн байгууллага, тухайлбал аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж, төслөө танилцуулан, санал бодлоо солилцон ажиллалаа. Харин маргааш төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг зохион байгуулах аж.

Уг дөрвөн модульт сургалт нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой ажээ. Харин ажлын багийн энэ сарын 8-нд төслийн баг, Сэлэнгэ аймгийн “Эерэг өөрчлөлтийг хамтдаа” ТББ-тай хамтран, олон талт буюу төрийн байгууллага, иргэд, ИНБ-ууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон “Оролцоот шийдэл” нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр улсын төсвийн хөрөнгө орулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлага, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд аймаг, сумдын хэмжээнд тулгамдаад буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойлох. Улмаар хамтын оролцоотой тодорхойлсон асуудлаа хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулах юм байна.

МАСАМ II төсөл нь хамтын ажилллагаанд суурилсан нийгмийн эгэх хариуцлагын үйл явцыг бэхжүүлэхэд мэдээлэл харилцааны технологийг /МХТ/ өргөнөөр ашиглах. Цаашлаад төсвийн хуваарилалт, төрийн үйлчилгээнд оролцоот хяналт-шинжилгээ хийх чиглэлээр иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах. Мөн бодлогын түвшинд байгууллагуудын уялдаа холбоо, чадавхыг нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаа нутагшуулан өргөжүүлэх гэсэн үндсэн дөрвөн хүрээг хамран хэрэгжих аж. Төсөл хэрэгжилтийн шатанд иргэдийн, иргэний нийгмийн төдийгүй төрийн байгууллагуудын мэдээлэл ашиглах, бодлого боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг нэмэгдүүлэх юм.  

Төсөл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүн сайжирч, улмаар МХТ-д суурилсан цахим платформыг ашиглан, иргэд шаардлагатай мэдээллээ авах, санал хүсэлтээ илгээх боломжтой болох аж. Мөн төв, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын дэвшүүлсэн тухайн орон нутагтаа тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэх ажээ. Уг төслийн үр шимийг 21 аймаг, 9 дүүргийн төрийн үйлчилгээ авагч иргэд, үндэсний болон орон нутгийн иргэний нийгэм, технологийн түүчээ байгууллагууд, төрийн захиргааны төв болон орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хүртэх юм.

Холбоотой мэдээ