Аймгийн хэмжээнд 1200 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-12-03 22:23:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”. Манай Улс 2021 оныг “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бүтээе уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонслоо.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 5411 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 467 нь 16 хүртэлх насны хүүхэд гэсэн судалгаа байгаа юм. Эдгээр иргэдээс давхардсан тоогоор 1200 нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна. Албан уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс тэдний нийгэм дэх оролцоо, орчин нөхцөл, ажлын байрны асуудал онцгой хэцүү болохыг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хэн нэгнээ харж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй олон хүмүүс байгааг тэд хэлж байлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс эдгээр хүмүүсээ боломжит бүхий л хэлбэрээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хамгийн түрүүнд ажил хөдөлмөр эрхэлж чадах хэчнээн хүмүүс байгаа. Ямар төрлийн ажил эрхлэх боломжтойг нарийвчлан гаргасан судалгаа, ажлын төлөвлөгөөг яаралтай гаргаж өгөхийг тэрээр хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн маш том боломж болохыг ч дээрх иргэдтэй уулзахдаа тодотгон ярилаа.

НҮБ 1981 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тиймээс энэ өдөр бол хөгжлийн бэрхшээлийг даван туулж, түүнтэй зохицон амьдарч байгаа хүн бүрийн хувьд эрхээ эдлэх, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломжтой чухал өдөр юм.

ДЭМБ-ын тайлан мэдээгээр дэлхийн нийт хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа бол Монгол Улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа байдаг ажээ.

 

Холбоотой мэдээ