Орон нутгийн соёлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх уулзалтад 100 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-02 12:50:27

Ховд /МОНЦАМЭ/. Соёлын яам байгуулаад нэг жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд орон нутагт харьяа соёлын хэлтэс байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж буй.   

Энэ хүрээнд орон нутгийн соёлын байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг тэргүүтэй ажлын баг Ховд аймагт ажиллалаа. 

Тус ажлын багийн гишүүд соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх уулзалт, сургалтыг 12 дугаар сарын 1-ний өдөр тус аймагт зохион байгуулсан юм. 

Улмаар соёлын өвийг хамгаалахад орон нутгийн чадавхыг бэхжүүлэх боломж, гарц шийдэл, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх аргачлал, соёлын салбарын бодлого, цаашдын ажлын төлөвлөгөө, хууль эрх зүйн шинэчлэлийг орон нутагт сурталчлан таниулах чиглэлээр мэдээлэл хийв.  

Өдгөө Ховд аймгийн соёл, урлагийн салбарт 19 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 200 орчим хүн ажилладаг гэх судалгаа бий. Энэ удаагийн уулзалтад соёлын байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцжээ. 

Мөн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг тэргүүтэй ажлын багийнхан Ховд аймгийн Соёлын хэлтэс, Хөгжимт драмын театр, Музей, Номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. 

Судалгаагаар Ховд аймгийн хэмжээнд соёлын өв тээгч 900 гаруй хүн бий. Энэ жилийн хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой сарын аян өрнүүлэх, монголчуудын уламжлалт тоглоом наадгай бүхий тэмцээн зохион байгуулах зэрэг нэлээд үйл ажиллагаа Ховд аймагт болж, соёлын өв тээгчдийг дэмжиж, хөгжүүлж буй. 

Холбоотой мэдээ