ОУОХ-ны тэргүүн Хятадын теннисчинтэй дүрс бичлэгээр холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-22 11:48:20

ЛОЗАНН. /NHK/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах Хятадын алдарт теннисчин Пэн Шуайтай дүрс бичлэгээр холбогдсон талаар ОУОХ мэдэгдлээ.


П.Шуай Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд асан Жан Гаолиг өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллийг дэлгэснээсээ хойш олны өмнө гарч ирээгүй байжээ.


ОУОХ-ноос ням гарагт мэдээлснээр, Т.Бах, П.Шуай нар 30 минут орчим ярилцсан бөгөөд ОУОХ-ны Тамирчдын хорооны дарга Эмма Терхо болон П.Шуайтай танил өөр нэгэн гишүүн байлцжээ.


Ярилцлагын үеэр П.Шуай ОУОХ-нд өөрт нь санаа тавьж буйд талархал илэрхийлээд, өөрийгөө аюулгүй, сайн байгаагаа, Бээжин хот дахь гэртээ амьдарч буйгаа хэлсэн байна. Мөн одоогоор хувийн амьдралаа эн тэргүүнд тавьж, гэр бүл, найз нартайгаа цагийг өнгөрүүлэхийг илүүд үзэж байгаагаа ярьжээ.


Э.Терхогийн хувьд П.Шуайг сайн байгааг хараад тайвширсан гэдгээ хэлээд, тамирчин тайван амгалан харагдаж байсан гэв. Мөн тэрбээр хүссэн цагтаа холбоо барихыг П.Шуайгаас хүссэнд хариу талархал илэрхийлсэн байна.


ОУОХ-ны мэдээлснээр, Т.Бах ирэх нэгдүгээр сард Бээжинд хүрэлцэн очих үеэрээ П.Шуайтай оройн зоог барих санал тавьсан бөгөөд тамирчин саналыг нь хүлээн авчээ. 

Холбоотой мэдээ