Сэлэнгэ аймгийн боловсролын салбараас тав дахь гавьяат төрөн гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн
ойгоор тус салбарын хамт олон тав дахь гавьяатаа угтан авлаа. Сэлэнгэ
аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн математикийн
багш Б.Уунай Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цол хүртсэн байна.
Сэлэнгэ аймгийн түүхэнд Д.Даш /1974/, З.Мааньжав /2007/, Н.Дуламсүрэн /2011/, Л.Дорждамба /2011/ зэрэг гавьяат багш нар төрсөн бөгөөд тэдгээрийн залгамж болсон математикийн багш Б.Уунай ийн тав дахь гавьяатаар тодорчээ. Тэрээр 1970 онд МУИС-ийн математикийн ангийг төгсөж, Сэлэнгэ аймгийн Сант сумаас ажлын гараагаа эхлүүлсэн байна. Үүнээс хойш математикийн багш, хичээлийн эрхлэгч, захирлаар тасралтгүй үр бүтээлтэй ажиллан боловсролын салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан эрхэм хүн юм.
Мөн математикийн зөвлөх зэрэгтэй тэрээр боловсролын
салбарт хоёргүй сэтгэлээр 40 гаруй жил зүтгэжээ. Энэ хугацаанд Монголын хойч
ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйл хэрэгт өөрийн хүч,
оюунаа дайчлан зүтгэж, математикийн чиглэлээр сумандаа сонгон хичээллүүлж, шавь
нар нь тухайн жилдээ сурлагын хамгийн өндөр амжилт үзүүлж байсан гэдгийг одоо ч
нутгийн зон олон бахдан ярьж байна. Б.Уунай багш сургуулийн захирлаар ажилласан
жилүүдэд багш нартаа шинэ технологи заах арга зүй, ур чадварыг түгээж, шинэ
арга барилыг судлан нэвтрүүлснээр сурагчид нь олон талаар аймаг, улсдаа тэргүүлж, дөрвөн жил дараалан
Аймгийн аварга сургууль хэмээх алдрыг хүртэж байсан байна.
Мандал сумын тухайд 47 жилийн дараа, Сэлэнгэ аймгийн хувьд 11 жилийн дараа
ийн дахин нэг гавьяат багшаа угтан авчээ.