Сэлэнгэ аймгийн зарим суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Орхон, Сайхан сумын “Гавшгай” 2-р багт Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Сайхан сумын тухайд сумын Засаг даргын
захирамжийн хүрээнд 14 хоногийн хугацаанд гарал үүслийн бичиг олгохгүй бөгөөд
сумын иргэд "Өвлийн идэш" бэлдэх бол харъяа багийнхаа Засаг даргаас
зөвлөгөө мэдээлэл авахыг анхаарууллаа.
Иймээс дээрх газруудад хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт
хөдөлгөөнөөр дамжин халдвар тархах эрсдэл өндөр болсон байна. Иймд мэргэжлийн байгууллагын зүгээс шүлхий өвчний тухай товч
ойлголт болон цаашид сум орон нутагтаа шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлэх
хариу арга хэмжээний талаарх мэргэжил арга зүйн зөвлөмжийг хүргүүллээ.
Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг бүх төрлийн салаа туурайтан амьтдыг өвчлүүлдэг вирусний гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог байна. Тус өвчний нууц үе 14 хоног байдаг аж. Өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг аж. Үхэр болон гахайд шинж тэмдэг тод илрэх боловч хонь, ямаанд үл мэдэгдэм сул шинж тэмдэг үзүүлдэг байна.
Тус
өвчнөөр бүх төрлийн салаа туурайт мал, гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг
амьтад өвчилдөг аж. Өвчтэй, өвчилж эдгэрсэн,
халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэн
зэрэгтэй хамт ялгаран гарсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа, саравч,
өтөг, бууц, өвс хадлан, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, хүний
гутал хувцас, бүх төрлийн тээврийн хэрэгсэл зэргээр халдвар тархдаг байна. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй,
халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон
шүлхийн вирусээр бохирлогдсон дээрх зүйлээр дамжин тархдаг байна.