Помпей хотоос “боолын өрөө” илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-11-07 12:58:20

РОМ. /DW/. Археологичид эртний Ромын Помпей хотын балгасаас “боолын өрөө” илрүүлжээ.


Манай эриний 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн эртний хотоос олсон энэхүү ховор олдвор маш сайн хадгалагдан үлдсэн байжээ.


Италийн өмнөд нутагт оршдог хотоос энэ оны эхээр ёслолын, бүрэн бүтэн морин тэрэг олсон юм. Археологичдын үзэж буйгаар, энэхүү өрөөнд морин тэргийг хариуцан торддог боолууд амьдардаг байсан бололтой байна.  


Ганцхан жижиг цонхтой 16 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй өрөөнөөс гурван модон ор, шавар сав суулгууд, бие засах сав олджээ. Орнуудын хувьд нэг нь 1.7 метр орчим урт байсан бол нөгөө нь ердөө 1.4 метр урттай байжээ.


Помпейн археологийн паркаас мэдээлснээр, өрөөнд байсан модон хайрцагнаас морины тоног хэрэгсэл бололтой металл, нэхмэл эдлэл хэрэглэлүүд олдсон байна.


Археологичид энэхүү өрөөг боолчлол, боолчлогдсон хүмүүсийн өдөр тутмын амьдралыг илтгэн харуулсан ховор олдвор хэмээн тодорхойлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ