Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-05 10:07:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг өнөөдөр цэнгүүлэв. 


Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залсан. Есөн шарга морьт цэрэг Их тугийг цэнгүүлэн Төрийн ордныг нар зөв гороолов. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүллээ.



Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна.



ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм. 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүд нь: 


2012 он: 11 сарын 14

2013 он: 11 сарын 4

2014 он: 11 сарын 23

2015 он: 11 сарын 12

2016 он: 10 сарын 31

2017 он: 11 сарын 19

2018 он: 11 сарын 8

2019 он: 11 сарын 27

2020 он: 11 сарын 16

2021 он: 11 сарын 5

2022 он: 11 сарын 24-нд тохиож байна. 

Холбоотой мэдээ