"Номын баяр" олон нийтийг соён гэгээрүүлэх сургалт-уулзалтаар үргэлжиллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-10-31 21:20:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болж буй “Оюунлаг Алтайчууд Номын баяр”-ын хоёр дахь өдөр Алтай нутгийн хүүхэд залуучууд, номын санч, нийгмийн ажилтан, зохиолч яруу найрагчдад зориулсан илтгэл-сургалт, ном хэрхэн бичих, хүүхдийг хэрхэн номтой нөхөрлүүлэх тухай зөвлөмж яриа, соён гэгээрүүлэх олон төрлийн сургалтаар үргэлжиллээ.


Эхний сургалт аравдугаар сарын 30-нд “Номын соёлт ертөнц” ТББ-ын дэргэдэх Редактор клубийн редактор, зохиолч О.Энхжавхлан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Эсээ хэрхэн бичих вэ” сэдвээр илтгэл тавьж зөвлөмж хүргэсэн. Сургалтад хамрагдсан ахлах ангийн сурагчид: “Анх удаа хамгийн хэрэгтэй, үр өгөөжтэй, ойлгомжтой, зөвлөсөн чухал сургалтад суусандаа баяртай байна, Улаанбаатар хотоос зорин ирж энэхүү сургалтыг зохион байгуулсан ах эгч нартаа баярлалаа” гэв. 

Үйл ажиллагааны хоёрдахь өдөр “Номын соёлт ертөнц” ТББ-ын Б.Сувд тэргүүтэй баг бүрэлдэхүүн Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мазаалай” теарт сургуулийн нийгмийн ажилтан, номын санч, зохиолчидтой уулзлаа. Мөн үеэр: 

-Үндэсний номын баярыг санаачлагч, Ном зүйч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Соёл олон түмний ажил буюу номын баяр” 

-Зохиолч Б.Баярхүү “Уншигч биднээс юу хүсдэг вэ”, 

-“Номын соёлт ертөнц” ТББ-ын дэргэдэх Редактор клубийн редактор, зохиолч О.Энхжавхлан “Ном бичихэд бэлэн үү”

-“Амар-Өргөө” ХХК-ийн захирал С.Амарсанаа “Амьдралыг өөрчлөх уншлага”  

-Хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал, зохиолч Б.Ганчимэг “Хүүхдээ хэрхэн номд дуртай болгох вэ” 

-Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн төгсөгч, хүүхдийн зохиолч П.Наранбаатар “Хүүхдийн зохиолын шинэ эрин”

-Гандантэгчэлин хийдийн эрдэм Соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн ухааны доктор М.Ууганбаяр “Шашнаа зөв ойлгохуй” сэдвийн хүрээнд уулзалт-сургалтаа халуун дотно яриатай хослуулан хүргэсэн юм.

Энэхүү сургалт уулзалтын дараа зохион байгуулагчид Говь-Алтай аймгийн зохиолчидтой уулзаж харилцан туршлагаа хуваалцах, ном солилцох үйл ажиллагаа болов.

Сургалтад оролцсон зохиолчид, “Хөдөөгийн иргэдэд номын соёлыг түгээх, нийгмийг соён гэгээрүүлэх чухал үйл ажиллагаа энэ өдрүүдэд төрөлх нутагт маань өрнөж байна. Их Алтайн зохиолчид бид маш их баяртай байна. Иймэрхүү ажлыг тогтмол зохион байгуулбал хувь хүн, цаашлаад нийгмээрээ эрүүлжих, хөгжихөд чухал юм. Оюунлаг Алтайчууд Номын баярыг зохион байгуулахаар нийслэл хотоос зах хязгаарын Алтай нутгийг зорин ирсэн баг бүрэлдэхүүнд баярлалаа, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа. 

Мөн өдөр Ардын дуу бүжгийн “Алтай чуулгад” “Өөрийгөө хайрлах ба хувь хүний хэлэмж” сэдвээр “Хатун” төвийн захирал “Номын соёлт ертөнц” ТББ-ын арын албаны дарга Б.Батдулам сонирхолтой илтгэл тавьснаар “Оюунлаг Алтайчууд Номын баяр”-ын сургалт-уулзалтын үйл ажиллагаа дууслаа. 

Харин "Өдөр бүр Уншъя!" уриан дор зохион байгуулж буй "Оюунлаг Алтайчууд Номын баяр”-ын үзэсгэлэн худалдаа “Спорт цогцолборт” үргэлжлэн олны хөлд дараастай байсаар өндөрлөв. Алтайчуудын мэлмийг нээн, оюуны цангааг тайлсан үзэсгэлэнд дэлгэсэн номуудаас танилцуулж байна.